
Олон улсад терроризмын талаарх мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг дипломат нэгж энэ долоо хоногоос Японд шинээр бий болж байна. Энэ оны эхээр “Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэнийг цаазалсан, мөн 2013 онд Алжирт 10 иргэнийг нь барьцаалж, хороосон зэрэг хэрэг явдал гадаад улс орнуудад амьдарч байгаа япон иргэдийн аюулгүй байдлыг хангахад нэмэлт арга хэмжээ шаардлагатайг харуулсан байна.
Иймээс Японы Засгийн газар террорист ажиллагаанаас сэргийлэх, япон иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой шинэ нэгж байгуулж байна. Өнөөдрөөс ажлаа эхэлж байгаа энэхүү нэгж нь Токиод 20 орчим ажилтантай, мөн бусад улс дахь Японы дипломат төлөөлөгчдийн газруудад 20 ажилтанг тараан байршуулсан бүтэцтэйгээр ажиллах юм. Энэ нэгжийн үйл ажиллагаа Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд болон Баруун Африк гэсэн дөрвөн гол бүсэд төвлөрөх юм.
Анх энэ нэгжийн үйл ажиллагааг 2016 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан ч сүүлийн үед олон улсад гарсан террорист ажиллагаа, тэдгээрийн дунд Парист болсон халдлагаас үүдэлтэйгээр энэ өдрийг наашлуулжээ. Япон улс ирэх оны тавдугаар сард “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалт, мөн 2020 онд зуны Олимпийн наадмыг зохион байгуулна. Иймээс халдлага дайралтаас сэргийлж, аюулгүй байдлаа чангатгаж байгаагаа харуулах зорилгоор тус нэгжийг байгууллаа гэж зарим ажиглагч дүгнэж байна.
Япон терроризмын эсрэг нэгж байгуулав | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.