
АНУ-ын Хууль зүйн яам Иллинойс муж улсын Чикаго хотын цагдаагийн газарт өргөн хүрээтэй мөрдлөг шалгалт явуулахаар болжээ. Өнгөрсөн онд Лакуан МакДональд хэмээх хар арьст хүүг цагдаагийн цагаан арьст албан хаагч 16 удаа буудан, хороосон дүрс бичлэг саяхан олонд ил болж, энэ талаар ард иргэд уур бухимдал, эсэргүүцлээ илэрхийлж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гарсан байна.
АНУ-д цагдаа нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, хар арьст сэжигтний эсрэг хүч хэтрүүлэн хэрэглэх, шаардлагагүй нөхцөлд галт зэвсэг ашиглах зэрэг тохиолдол олонтаа гарах болсон. Биедээ зэвсэггүй явсан Лакуан МакДональдыг буудаж, аминд нь хүрсэн цагдааг хүн амины хэргээр ялласан боловч түүнтэй ижил төстэй хэрэг үйлдсэн цагдаагийн албан хаагчдын дийлэнх нь ял шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд бухимдаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд Балтимор, Фергюсон, Миссури муж улс, бусад хот, бүс нутгийн 20 гаруй цагдаагийн газарт шалгалт хийж, АНУ-ын иргэний эрхийн хууль тогтоомжийн зөрчил гаргасан эсэхийг шалгаад байгаа. Эдгээр муж, хотод явуулсан шалгалттай ижил зарчмаар Чикаго хотын цагдаагийн газрыг шалгахаар болсон байна. Тус цагдаагийн газрын албан хаагчид арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан хэрэг зөрчил гаргасан нь илэрвэл зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгээ АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгджээ.
Чикаго хотын цагдаагийн газрыг шалгана | ||
Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.