
Даваа гарагт Австрийн нийслэл Вена хотноо Иран болон “5+1” бүлгийн орнуудын төлөөлөгчид уулзлаа. Энэ уулзалтаар өнгөрсөн долоодугаар сард талуудын байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээний хэрэгжилт ямар явцтай байгааг хэлэлцсэн байна.
Иран болон НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болох Франц, Их Британи, АНУ, Орос, Хятад дээр Герман улс хамтарч байгуулсан энэ гэрээний хүрээнд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иранд явуулж байгаа үзлэг шалгалтаа дуусган, тус улсын явуулж байгаа цөмийн хөтөлбөр олон улсад аюулгүй, энхийн зорилготой гэдгийг нотолсон нөхцөлд 12 жил үргэлжилсэн үзлэг шалгалтыг эцэс болгох тухай талууд хэлэлцсэн байна.
Талууд энэ талаар тогтоолын төсөл боловсруулж, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлд батлуулахаар өргөн барьжээ. Тус тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд Иран улс гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, цөмийн хөтөлбөрийнхөө цар хүрээг хумьж, цөмийн зэвсэг бүтээхэд ашиглах вий гэж олон улсын хардлагыг төрүүлж байгаа баяжуулсан уранаа Оросын баяжуулаагүй уранаар солих төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Хоёр орон тус төлөвлөгөөг энэ оны эцсээс өмнө амжиж хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Мөн уулзалтын дараа АНУ-ын албаны хүмүүс Ираныг өнгөрсөн сард дунд тусгалтай баллистик пуужин туршиж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг баталсан хоёр тогтоолыг зөрчсөнд буруутгалаа. Гэхдээ тухайн мэдээлэл үндэстэй эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Энэ тухайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ямар нэг албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй болохоо мөн мэдэгдсэн байна.
Венад Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх уулзалт болов | ||
Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.