
Украйны зүүн хэсэгт Засгийн газрын цэргүүд, босогчид хооронд гал зогсоосныг үл харгалзан, сүүлийн саруудад зэвсэгт мөргөлдөөн төдийлөн дорвитой намжихгүй байна. Тус бүс нутагт хүний эрхийн зөрчил, тэр дундаа эрүүдэн шүүх, ял шийтгэлээс мултрах явдал түгээмэл гарч байгаа тухай НҮБ Украйн дахь хүний эрх, эрх чөлөөний асуудлаар тогтмол хэвлэдэг тайлангийн 12 дахь дугаарт онцолжээ.
НҮБ-ын Украйнд томилсон хүний эрхийн ажиглагч багийнхан тус тайланг гаргасан байна. Энэ тайлан мэдээгээр Украйны зүүн нутагт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл цэрэг, энгийн иргэд нийлсэн есөн мянга гаруй хүн амь үрэгдэж, 21 мянга шахуу хүн гэмтэж шархдаад байна. Мөн Донецк, Луганск дахь босогчид гаднаас зэр зэвсэг авч байж магадгүй гэх мэдээ байдаг. Энэ мэдээ хэдий баттай биш боловч босогчид зэр зэвсэг сайтайгаас үүдэн дахин мөргөлдөөн хямрал дэгдэж болзошгүй гэж ажиглагч багийнхан дүгнэж байна.
Үүнээс гадна Украйны аюулгүйн хүчнийхэн босогчидтой холбоотой гэж сэжиглэсэн иргэдийг баривчлан ор сураггүй болгох, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал тасрахгүй байгааг тайланд дурджээ. Одоогоор хямралын бүсэд аж төрж байгаа 2.9 сая хүн эдгээр нөхцөл байдлаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжид хамрагдах боломжгүй, мөн орон гэр нь нурж сүйдсэн тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй байгааг НҮБ-ын Украйн дахь Хүний эрхийн ажиглагч багийнхан онцолсон байна.
Украйны зүүн хэсэгт хүний эрхийн зөрчил намжихгүй байна | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.