
Өнгөрсөн 11 дүгээр сард Газрын тос экспортлогч орнуудын байгууллага-ОПЕК-ийн гишүүн орнуудын газрын тос олборлолтын хэмжээ сүүлийн долоон жил тохиогоогүй хамгийн дээд түвшинд хүрчээ. Тус байгууллагын өчигдөр гаргасан тайлан мэдээнд дурдсанаар 11 дүгээр сард ОПЕК-ийн орнууд өдөрт 30 сая баррель гэж тогтоосон квотыг давуулж, өдөр бүр 31.7 сая баррель газрын тос олборлосон байна.
Сүүлийн саруудад газрын тосны хэт их нийлүүлэлтээс үүдэж дэлхийн зах зээл дээр нефтийн ханш эрс сулраад байгаа. Гэсэн ч ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны зах зээлд эзлэх байр сууриа алдахгүйн тулд нийлүүлтээ хязгаарлахаас татгалзсан хэвээр байна. Ирэх онд ОПЕК-ийн гишүүн бус орнуудын нийлүүлэлт эрс буурч, газрын тосны үнэ эргэн өснө гэж тус байгууллага найдаж байгаа юм.
ОПЕК-ийн гаргасан тайланд 2016 онд газрын тосны эрэлт ямар байхыг урьдчилан тодорхойлох боломжгүй. Энэ үзүүлэлт эдийн засгийн өсөлтийн хурдац, газрын тосны үнэ ханш, цаг уурын төлөв байдал, мөн эрчим хүчний бодлогын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой гэж дүгнэж байна. ОПЕК-ийн жил тутмын орлогын хэмжээ өнгөрсөн таван жилд нэг их наяд америк доллар байснаасаа эрс буурч, цаашид 550 тэрбум долларт хүрч болзошгүй гэж Олон улсын эрчим хүчний байгууллага таамаглаж байгаа юм.
Газрын тосны үнэ унаж, ОПЕК-ийн нийлүүлэлт өссөөр байна | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.