
Францын Парис хотноо зохион байгуулж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурал өнөөдөр өндөрлөнө. Дэлхийн дулаарлыг хязгаарлах, түүнээс үүдэлтэй байгалийн гамшиг үзэгдлийг цөөлөхийн тулд 2020 оноос хойш хэрэгжиж эхлэх олон улсын шинэ суурь конвенцийн төслийг энэ хугацаанд амжин боловсруулж дуусгахын төлөө сайд нарын түвшний хэлэлцүүлэг шөнөжин сунаж, үргэлжилж байна.
Өчигдөр орой Францын ерөнхий сайд Лоран Фабиус суурь конвенцийн төслийг дахин нэг удаа шинэчилсэн байдлаар танилцууллаа. Энэ хувилбар Лхагва гарагт танилцуулсан өмнөх хувилбараасаа хоёр хуудсаар товч буюу 27 хуудастай юм байна. Анхны танилцуулгаар 43 хуудастай байсан гэрээний 27 хуудастай энэ хувилбарт талуудын хооронд маргаан үүсгээд байсан хэд хэдэн асуудлаар илүү уян хатан, аль аль талд ашигтай нөхцөлүүдийг тусгаж өгчээ. Тухайлбал, 2020 оноос хойш хөгжиж буй орнуудад хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахад нь жил бүр 100 тэрбум америк долларын тусламж үзүүлнэ гэж 2009 онд хөгжингүй орнууд амлалт өгсөн.
Харин суурь конвенцийн төслийн шинэ хувилбарт энэ тусламжийн хэмжээг 100 тэрбумаас давуулахаар заасан байна. Мөн дэлхийн дулаарлыг хэдэн градуст тогтоон барих вэ гэдэг санал зөрүүтэй бас нэг асуудалд аль аль талын эрх ашгийг тусган, дэлхийн дундаж температурыг цельсийн +2 градусаас илүү дулааруулахгүй байх, мөн энэ хязгаарыг 1,5 градус болгон бууруулахын төлөө нэмэлт хүч чармайлт тавихаар заажээ. Суурь конвенцийн төслийг Парисын цагаар өнөөдөр орой эцсийн байдлаар боловсруулсан байх ёстой, гэхдээ ингэж чадаагүй нөхцөлд хэлэлцүүлгийг сунган үргэлжлүүлэх юм.
Парисын бага хурлын хэлэлцүүлэг шөнөжин үргэлжлэв | ||
Үзсэн: 1244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.