
Польшийн ерөнхий сайд Беата Шидло тус улсад айлчилж байгаа Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероныг хүлээн авч уулзлаа. Талууд Европын холбоонд нэвтрүүлэхээр Их Британийн санал болгож байгаа шинэчлэлийн талаар хэлэлцсэн байна.
Их Британи Европын холбооноос гарах эсэхийг 2017 оны сүүлээр зохион байгуулагдах бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ. Гэхдээ энэ санал асуулгаас өмнө Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон Европын холбоонд шинэчлэл хэрэгжүүлж, тус холбооноос Их Британийг зорьсон цагаачдын урсгалыг хязгаарлах, мөн эдгээр цагаач Их Британид ажил хөдөлмөр эрхэлбэл, эхний дөрвөн жилд цалингийн нэмэгдэл олгохгүй байхаар зорьж байгаа юм. Европын холбооны Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуульд “Европын холбооны бүх гишүүн орны иргэд холбооны бусад улсад цагаачилж, ажил хөдөлмөр эрхлэхдээ тус улсын иргэнтэй адил эрх эдэлнэ” гэж заасан байдаг.
Харин Их Британийн дэвшүүлсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Энэ асуудалд дэмжлэг авахаар Дэвид Кэмерон Польшт айлчлал хийсэн нь төдийлөн үр дүнгүй өндөрлөсөн байна. Польшийн ерөнхий сайд Беата Шидло Их Британийн саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Европын холбооны нутаг дэвсгэрт гишүүн орнуудын иргэдийн шилжих хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах суурь дүрмийг Их Британи хүндэтгэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Камерон Польшид айлчлав | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.