Шууд Chart

ОХУ Сири дэх бие бүрэлдэхүүнд нь аюул учруулсан байг шууд устгана

2015-12-14 09:10:39

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сири дэх агаарын ажиллагаанд оролцож байгаа цэргийн бие бүрэлдэхүүнд нь аюул занал учруулсан ямар ч байг шууд устгахыг батлан хамгаалах салбарын удирдлагадаа үүрэг болгожээ. Тэрээр энэ заавартаа ямар нэг улсыг онцолж нэрлээгүй боловч саяхан "Оросын онгоцыг хилээр нь нэвтэрсэн" гэх шалтгаанаар сөнөөсөн Туркт зориулсан анхааруулга боллоо гэж шинжээчид дүгнэж байна.

Тухайн хэрэг явдлаас хойш Орос, Туркийн харилцаа эрс хүйтэрсэн. ОХУ Туркийг "Исламын улс" бүлэглэлийг дэмждэг, газрын тосны хууль бус наймаанд нь оролцож, ашиг хүртдэг гэж буруутган, улмаар ирэх оноос тус улстай визгүй зорчих гэрээгээ түр цуцалж, Туркийн зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тавихаар шийдвэрлэсэн бол Турк ч мөн хариу эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Саяхан Турк Иракийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй цэрэг оруулсны дараа энэ асуудлыг Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулж хэлэлцүүлсэн нь ч, хоёр орны харилцаа улам хүйтэрч байгаагийн илрэл болсон гэж ажиглагчид үзэж байна. ОХУ Башар Асадын хүсэлтээр Сирийн нутаг дэвсгэр дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг есдүгээр сарын сүүлээс агаараас цохилт өгч эхэлсэн.

Өөрийнх нь онгоцууд Сирийн засгийн газрын цэргүүдээс гадна сөрөг хүчний “Сирийг чөлөөт арми”-д агаараас дэмжлэг үзүүлж эхэлснийг Путин өчигдөр мэдэгдсэн юм. Мөн сүүлийн сард олон улсын эвсэл Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа эрс эрчимжүүлсэн ч гэлээ тус улсад "Исламын улс" бүлэглэлийн хүч нөлөө нэмэгдсээр байгаа тухай Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Путинд илтгэсэн байна. Түүний өгсөн мэдээллээр бол "Исламын улс" бүлэглэл одоо Сирийн нийт газар нутгийн 70-аад хувийг хяналтандаа авсан төдийгүй Сири, Иракт тус бүлэглэлийн 60 мянга орчим хэт даврагч дайтаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ Сири дэх бие бүрэлдэхүүнд нь аюул учруулсан байг шууд устгана  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй