Шууд Chart

Шинзо Абэ Энэтхэгт айлчиллаа

2015-12-14 09:21:02

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Энэтхэг улсад гуван өдрийн айлчлал хийлээ.  Тэрээр айлчлалын хоёр дахь өдөр буюу Бямба гарагт  Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбарын харилцаагаа ойртон, нягтруулах талаар хэлэлцэж, хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Хоёр орны засгийн газруудын мэдээлж байгаагаар талууд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах салбарт хамтран ажиллахаар тохиролцож, мөн батлан хамгаалах салбарт технологи солилцох, хамтран хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ үеэр Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди үг хэлэхдээ "Цөмийн эрчим хүчний салбарт байгуулсан бидний санамж бичиг зөвхөн худалдаа, ногоон эрчим хүчний тухай биш. Энэ баримт бичиг энх тайван, аюулгүй дэлхий ертөнцийн төлөөх манай хоёр орны итгэлцэл, стратегийн түншлэлийг шинэ түвшинд авчирсны тод жишээ юм" хэмээн дүгнэсэн байна.

Абэ, Моди нарын байгуулсан батлан хамгаалах салбарын гэрээгээр Япон улс Энэтхэгт батлан хамгаалахын зэвсэг, технологи, түүний дотор далайд газардагч нисэх онгоц худалдаалах боломж нээгдсэн байна. Мөн Шинзо Абэ Японы бизнес эрхлэгчдийг Энэтхэгт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхийн тулд 12,3 тэрбум америк долларын туслалцаа үзүүлэх сан байгуулна гэдгээ зарлаад байна. Үүнээс гадна талууд Японы технологиор Энэтхэгт өндөр хурдны галт тэрэгний төмөр зам байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр “Шинкансен” өндөр хурдны галт тэрэгний технологийг ашиглан, Мумбай, Ахмадабад хоёр хотыг холбосон 505 км урт төмөр зам байгуулах 14,7 тэрбум америк долларын төсөл хэрэгжихээр болсон ажээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Шинзо Абэ Энэтхэгт айлчиллаа  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй