
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путин, гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзлаа. Талууд Сирийн хямралыг эцэслэх асуудал хэлэлцэж, энэ талаарх олон улсын яриа хэлэлцээний гурав дахь шатыг зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Ингэснээр яриа хэлэлцээний дараагийн шат төлөвлөсөн ёсоор энэ баасан гарагт Нью-Йорк хотноо зохион байгуулагдахаар боллоо.
Үүнээс гадна Жон Керригийн хэлснээр Америк, Орос хоёр Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах эсэх асуудлаарх зөрүүтэй байр сууриа хойш тавин, Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээг түргэвчлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд талууд Сири дэх босогчдын бүлгүүдээс алийг нь аядуу үзэлт босогчид гэж тооцон, энхийн яриа хэлэлцээнд хамруулах тухайд байр суурийн зөрүүгээ багасгажээ. Үүнээс гадна Жон Керри ОХУ-ыг Сирид аядуу үзэлт босогчдын эсрэг агаараас цохилт өгөхгүй байхыг уриалсан, харин ерөнхийлөгч Путин энэ асуудлыг анхааралдаа авна гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоон хоногт ерөнхийлөгч Путин оросын онгоцууд Сирийн чөлөөлөх арми босогчдын бүлэгт агаараас дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийг бататган, өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам тус улсын онгоцууд Сирид аядуу үзэлт босогчдын дөрвөн бүлэгт агаараас дэмжлэг үзүүлж, Сирийн чөлөөлөх арми, засгийн газрын цэргүүдийн "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг уялдуулахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.
Сирийн асуудлаарх яриа хэлэлцээ Нью-Йоркт үргэлжилнэ | ||
Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.