
Европын холбоо террорист халдлагаас сэргийлэх, цагаач дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах шинэ төлөвлөгөө боловсруулжээ. Европын холбооны комиссоос өчигдөр гишүүн орнууддаа танилцуулсан энэ саналд шенгений бүсэд чөлөөтэй зорчих зарчмыг хамгаалахын тулд Европын холбооны гадаад хилийн хяналтыг чангатгахаар тусгасан байна. Одоогоор Шенгений хилд нэвтэрсэн жуулчид Европын холбооны орнуудын хилээр чөлөөтэй зорчих эрхтэй байгаа. Өнгөрсөн сард Парисын халдлагыг үйлдсэн этгээдүүд энэ журмыг ашиглан, Францад нэвтэрсэн гэж албаныхан үзэж байгаа юм.
Иймээс Европын холбооны комисс Европын шинэ хил байгуулж, энэ хилийг хамгаалахад холбооны гишүүн орнуудаас дайчилсан 1500 цагдааг ашиглах санал гаргасан байна. Энэ нь Европын хилийн хамгаалалтад байгаа одоогийн албан хаагчдын тоог хэд дахин ихэсгэнэ гэсэн үг юм. Эдгээр цагдаа Европын холбооны гадаад хилийг хамгаалж чадахгүй байна гэж үзсэн холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт нэвтэрч, хилийн хамгаалалтад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээх юм байна.
Үүнээс гадна цагаач дүрвэгчид Туркээс Грек рүү очихын тулд хийлдэг завиар явж, амь насаа эрсдэлд оруулж байгааг хязгаарлахын тулд Сирийн дүрвэгчдийг Турк дэх дүрвэгчдийн хуарангаас Европт суурьшуулах төлөвлөгөөнд шууд хамруулахаар тусгасан. Мөн Шенгений бүсийн хилд Европын холбооны гишүүн орны иргэдийн бичиг баримтыг заавал шалгах, мөн шаардлагатай гэж үзвэл хурууны хээ, цээж зургийг нь мэдээллийн сан дахь өгөгдөлтэй харьцуулж үзэх заалт төлөвлөгөөнд багтжээ. Энэ төлөвлөгөөг батлах эсэхийг пүрэв гарагт Брюссельд эхлэх Европын холбооны дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцэх юм байна.
Европ хилийн хяналтаа чангатгана | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.