Шууд Chart

Хятадад интернэтийн асуудлаарх олон улсын бага хурал эхэллээ

2015-12-17 10:46:46

Өнөөдөр Хятадын зүүн хэсэгт орших Жөжян мужид интернэтийн асуудлаарх олон улсын бага хурал нээлтээ хийлээ. Хятадын дарга Си Зиньпин гурван өдөр үргэлжлэх энэ хурлыг нээж, үг хэлсэн байна. Энэ удаагийн бага хуралд ОХУ, Пакистан, Казакстан, Киргизстан, Тажикистан улсын төр засгийн тэргүүнүүд болон цахим орчинд нэр нөлөөтэй Фэйсбүүк, Майкрософт, Хятадын интернэт худалдааны Алибаба зэрэг компанийн төлөөлөл оролцож байгаа юм.

Өнгөрсөн жилээс эхлэн Хятад улс цахим орчин дахь засаглалын талаар Хятадын коммунист намын байр суурь, хэтийн төлөвлөгөөг сурталчлах зорилгоор энэ хурлыг зохион байгуулах болжээ. Си Зиньпин хуралд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ цахим ертөнцөд ямар ч улс дангаар ноёрхох, бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах үйл ажиллагаа эрхлэх ёсгүй гэж мэдэгдсэн байна. Мөн улс бүр засаглалын өвөрмөц хэлбэртээ тохируулан интернэтэд хяналт тогтоох, цахим аюулгүй байдлаа хангах арга алхмаа өөрөө сонгох эрхтэй гэх байр сууриа дахин илэрхийллээ.

2013 онд Си Зиньпин Хятадын даргаар томилогдсоноос хойш интернэт засаглалыг төвлөрүүлэх, цахим мэдээллийг хянах, зарим тохиолдолд хориглох үзэгдэл тус улсад улам газар авсан гэж мэргэжилтнүүд үздэг. Харин Си Зиньпин дээрх мэдэгдлээрээ цахим ертөнцөд хяналт, хориг тогтоож байгаагаа зөвтгөлөө гэж ажиглагчид дүгнэж байна. Одоогоор Хятад улсад Гүүгл хайлтын систем, Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг олон нийтийн сүлжээ хуудсууд, мөн Википедиа нэвтэрхий толь хориотой байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадад интернэтийн асуудлаарх олон улсын бага хурал эхэллээ  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй