
Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын түвшний 10 дахь удаагийн бага хурал Кенийн нийслэл Найроби хотод үргэлжилж байна. Өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын зарим гишүүн орон өндөр технологийн тоног төхөөрөмжид оногдуулах татварыг тэглэх гэрээ байгуулжээ.
Энэ гэрээнд 53 орон, тэдгээрийн дотор Хятад, АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд нэгдээд байна. Мэдээлэл технологийн салбарын татварыг тэглэх тус гэрээний дагуу 201 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн дотор дүрс бичлэгийн дижитал аппарат, видео тоглоом, эмнэлэг, албан байгууллагад ашигладаг тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр болсон байна. Энэ гэрээ нь сүүлийн 18 жилийн дотор Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд байгуулсан татвар тэглэх хамгийн өргөн цар хүрээтэй гэрээнд тооцогдож байна. Гэрээг ирэх оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг 1.3 их наяд америк долларын татварын дарамтаас чөлөөлж, дэлхийн эдийн засагт жилд 190 тэрбум америк долларын өсөлт авчирна гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Мөн АНУ-д 60 мянган ажлын байр шинээр бий болно гэж үзэж байгаа бол Японы компаниуд жил бүр 1.4 тэрбум америк долларын татварын дарамтаас чөлөөлөгдөх төлөвтэй байгаа юм. Үүнтэй зэрэгцэн өчигдрийн хурлаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 162 орны сайд нар Либери улсын гишүүнчлэлийг албан ёсоор баталжээ. Ингэснээр тус улс найман жил үргэлжилсэн урт удаан яриа хэлэлцээний эцэст Дэлхийн худалдааны байгууллагын 163 дахь гишүүн орон, мөн олон улсын худалдааны дэглэмд нэгдсэн 35 дахь буурай орон болж байна.
Олон жил үргэлжилсэн иргэний дайн хямрал болон өнгөрсөн онд дэгдсэн Эбола вирусын тахлын дараа Либери улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсноор тус улсын эдийн засгийн гол салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар тус улсад өсөлт дэвшил авчирна гэж шинжээчид үзэж байгаа юм.
Дэлхийн худалдааны байгууллагын бага хурал үргэлжилж байна | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.