Шууд Chart

ОХУ, БНХАУ-ын харилцаа улам ойртон нягтарч байна

2015-12-18 14:32:02

Орос, Хятадын ерөнхий сайд нарын 20 дахь удаагийн уулзалт өчигдөр Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэ үеэр Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар эрчим хүч, хөрөнгө оруулалт, санхүү, өндөр технологи болон бусад салбарт хамтран ажиллах тухай 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Мөн Хятадын газрын тос, байгалийн хийн Синопек, Оросын газрын тосны Роснефть компаниуд Сибирийн дорнод хэсэг дэх газрын тос, байгалийн хийн төслүүдийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бол, Хятадын Үндэсний газрын тосны корпораци Оросын байгалийн хийн Газпром компанитай Хятад, Оросын хил намнасан дорнод чиглэлийн байгалийн хийн хоолойн зураг төслийг зохиож, байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Үүнээс гадна Хятадын Хөгжлийн банк, Оросын төрийн мэдлийн Внешэкономбанк 10 тэрбум юанийн зээлийн гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээ нь Хятад, Оросын харилцаа улам ойртон нягтарч байгааг харууллаа гэж Ли Кэцян мэдэгдсэн. Хоёр орны эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед аж үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх замаар эдийн засгаа эрчимжүүлэх нь зүйтэй гэж Хятадын тал үзэж байгаа юм. Үүнээс гадна эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, мөн цэрэг батлан хамгаалахын технологи боловсруулах салбарт Орос, Хятад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэх байр сууриа Ли Кэцян илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ, БНХАУ-ын харилцаа улам ойртон нягтарч байна  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй