
Ливид арабын хавар хувьсгалын дараа бүрэлдэн тогтсон хоёр тусдаа засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын зуучилсан энхийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ливид үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах тухай энэ гэрээ тус улсад нүүрлээд байгаа иргэний дайн хямралыг эцэслэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид үзэж байна. Гэрээг байгуулах яриа хэлэлцээ 2 засгийн газрын хооронд нэг жил гаруй үргэлжилж, өрнөдийн орнуудын дипломат ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэн батлагдлаа.
Мароккод болсон гарын үсэг зурах ёслолд Тобрук хотод төвтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар, мөн Триполид төвтэй цэргийнхний байгуулсан Үндэсний засгийн газар гэх хоёр засгийн газрын 200 гаруй төлөөлөгч байлцжээ. Гэхдээ өрнөдийн улс орнуудын дарамт шахалтаас үүдэлтэйгээр гэрээний агуулгыг хэтэрхий яаравчлан шийдсэн, мөн энэ гэрээ Ливи дэх бусад зэвсэгт бүлгүүдээс хангалттай дэмжлэг авч чадаагүй гэж ажиглагчид шүүмжилж байна. Гэрээг байгуулсан ч, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал, үүнээс гадна шинээр байгуулагдах үндэсний эв нэгдлийн засгийн газар аль хотод төвлөрч, үйл ажиллагаа явуулах нь одоо ч тодорхойгүй хэвээр байгаа юм.
Ливид үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулна | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.