Шууд Chart

АНУ-ын бөмбөгдөгч онгоц Хятадын хиймэл арлын хилд нэвтэрчээ

2015-12-19 16:04:13

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Би-52 бөмбөгдөгч онгоц Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсийн дээгүүр нислэг үйлдэхдээ Хятадын байгуулсан хиймэл арлын усан хилд нэвтэрчээ. Энэ талаар Хятадын Засгийн газар Вашингтонд дипломат шугамаар гомдол хүргүүлсэн байна. Харин Америкийн тал бөмбөгдөгч онгоцоо Хятадын хиймэл арлын усан хилд санаатай оруулаагүй гэх тайлбар өгч байна. Пентагоны мэдэгдэж байгаагаар Би-52 бөмбөгдөгч онгоц эргүүл хийх даалгавартай явсан ч, цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан төлөвлөсөн замаасаа гажиж, улмаар арлын хилд нэвтэрчээ.

Өмнөд Хятадын тэнгис нь Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн орны хооронд газар нутгийн маргаантай байдаг бүс нутаг. Тус бүсэд Хятад хиймэл арал байгуулж, улмаар далайн хэмжээсээр 12 миль буюу 22 км газрыг өөрийн нутаг дэвсгэрт тооцож байгаа. Үүнийг АНУ эсэргүүцэж, өмнө нь сөнөөгч нисэх онгоц болон байлдааны хөлөг онгоцоо тус маргаантай бүс рүү илгээж байсан юм. Харин энэ удаагийн хэрэг явдал урьдаас төлөвлөөгүй гэдгээрээ тэднээс ялгаатай гэж Пентагон тайлбарлаж байна. Хятадын тал Америкийг бүс нутгийн газар нутгийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг удаа дараа шаардсаар ирсэн. Гэвч АНУ олон улсын дэглэмтэй далай тэнгист эргүүл хийж, олон улсын хууль дүрмээр олгогдсон далайн навигацийн эрхээ хангаж ажиллана гэх байр суурьтай байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын бөмбөгдөгч онгоц Хятадын хиймэл арлын хилд нэвтэрчээ   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй