
Францын иргэний агаарын тээврийн "Эйр Франс" компанийн Боинг-777 онгоцноос тэсрэх бөмбөгтэй ижил хийцийн төхөөрөмж илэрч, тус онгоц Кенийн Момбаса хотын нисэх буудалд ослын буулт хийсэн. Үүний дараа холбогдох албаныхан зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, сэжиг бүхий төхөөрөмжийг шинжилгээнд явуулсан байна.
Харин шинжилгээний дүгнэлтээр тус төхөөрөмж тэсрэх бөмбөг биш болохыг тогтоожээ. "Эйр Франс" компанийн захирал Фредерик Гажегийн өгсөн мэдээллээр төхөөрөмжийг картон хайрцаг, цаас, цаг зэргийг угсран хийсэн байна. Тэсрэх бөмбөг мэт харагдах ийм төхөөрөмж угсран, онгоцонд байрлуулсан нь зорчигчдын амь насанд заналхийлсэн, ноцтой үйлдэл гэж "Эйр Франс" компанийн удирдлага үзэж байгаа юм. Маврик улсаас Францын нийслэл Парис чиглэлд нислэг үйлдэж явсан тус Боинг онгоцонд 459 зорчигч, хөлгийн багийн 14 гишүүн явсан. Кенийн цагдаа нар онгоцонд төхөөрөмж авч орсон этгээдийг олохоор хэд хэдэн зорчигчийг байцаагаад байна.
Буруутай этгээдийг илрүүлбэл хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ гэж "Эйр Франс"-ын захирал мэдэгдлээ. Гэхдээ онгоцонд байсан тэрхүү төхөөрөмжид тэсрэх бодис байгаагүй. Иймээс Маврик дахь нисэх буудлын аюулгүй байдлын хяналт шалгалтаар илрэх боломжгүй байсныг тэрээр мөн хэлж байна. Өнгөрсөн сарын Парисын халдлагаас хойш ийнхүү "Эйр Франс" компанийн гурав дахь онгоц ослын буулт хийсэн нь энэ юм байна. Өмнө нь мөн хоёр удаа тэсрэх бөмбөг суурилуулсан байж магадгүй гэх мэдээллээр тус компанийн онгоцууд нислэгийн чигээ өөрчилж, ослын буулт хийсэн юм.
"Эйр Франс" компанийн онгоцноос олдсон төхөөрөмж тэсрэх бөмбөг биш | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.