Шууд Chart

Испанид хоёр намын тогтолцоо эцэс боллоо

2015-12-21 14:39:30

Испани улсад парламентын сонгууль болж, урьдчилсан дүн гарлаа. Сонгогчдын нийт саналын 98 гаруй хувийг тоолсны дараах байдлаар эрх баригч Ардын нам хамгийн олон суудал авсан ч олонхийн байр сууриа алджээ. Эрх баригч нам Испанийн конгресс дахь 350 суудлаас 122-д ялалт байгуулсан бол Социалист нам 90, бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэгч зүүний үзэлт Подемос намынхан 69, харин либерал үзэлт Иргэний нам 40 суудлаар тус тус удаалсан байна.

Гэхдээ эрх баригч намынхан Засгийн газрыг дангаар бүрдүүлэхүйц хангалттай олон суудал авч чадсангүй. Испанийн парламентад 176 буюу түүнээс дээш суудалд ялалт байгуулсан нөхцөлд олонх болдог. Харин Ардын намын сая авсан суудал энэ тооноос 54-өөр дутаж байгаа юм. Өмнөх сонгуульд 186 суудалд итгэл төгс ялалт байгуулсан тус нам энэ удаагийн сонгуульд олонх бүрдүүлэх боломжгүй болсон. Мөн намуудын хооронд санал ойролцоо хуваагдсан байгаагаас үзвэл тус улсад сүүлийн 30 жилд тогтоод байсан хоёр намын тогтолцоо эцэс боллоо гэж Подемос намынхан үзэж байна.

Эрх баригч намынхан бүсээ чангалах хатуу бодлого хэрэгжүүлсэн, мөн гишүүд нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон зэргээс үүдэн нэр хүнд нь унаад байгаа юм. Хэмнэлтийн бодлогоор Испанид ажилгүйдэл 2013 оны дээд үзүүлэлтээс 6 хувиар буурч, 21 хувьд хүрсэн. Гэхдээ тус улс энэ үзүүлэлтээрээ Европын холбоонд толгой цохиж, Грекийн дараа хоёрдугаарт жагссан хэвээр байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Испанид хоёр намын тогтолцоо эцэс боллоо  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй