
Словен улсад ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Санал асуулгад оролцогчдын 60 гаруй хувь нь Гэр бүлийн тухай хуульд гэрлэлтийг хүйс хамаарахгүй байхаар заасан шинэ хуулийн эсрэг санал өгсөн байна. Словенийн парламент ижил хүйстнүүдэд гэрлэх эрх олгох хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн гуравдугаар сард баталсан ч сөрөг хүчний намуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Тэр дундаа ижил хүйстэн хосуудад хүүхэд үрчилж авах эрх олгох тухай заалтыг консерватив намууд эрс шүүмжилж байсан. Иймээс ард нийтийн санал асуулгаар асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг зорьсон юм. Тус улсын иргэдийн дийлэнх нь энэ хуулийг эсэргүүцсэн санал өгсөн нь хүүхдийн эрхийг хамгаалахад чухал алхам боллоо гэж католик шашны төлөөлөгчид мэдэгдэж байна. Словен улсад болсон ард нийтийн санал асуулга Европын холбооны улс орнууд дахь соёлын хагарлыг тод харуулсан гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.
Баруун Европын өндөр хөгжилтэй орнууд ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах санал санаачилгыг идэвхтэй нэвтрүүлж, харин Төв болон Зүүн Европын улс орнууд энэ мэт хандлагыг эсэргүүцсэн хэвээр байна. Өмнө нь Словен улсад 2012 онд энэ асуудлаар санал асуулга явуулсан ч иргэдийн олонх нь эсэргүүцсэн санал өгч байжээ.
Словен улс ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэв | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.