
АНУ-ын Лас Вегас хотод автомашин явган хүний зам руу орж, олон хүнийг дайрч гэмтээсэн хэрэг гарчээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр энэ хэргийн улмаас наад зах нь нэг хүн нас барж, 36 хүн гэмтэж бэртсэн, тэднээс долоогийнх нь биеийн байдал хүнд байна.
Тухайн автомашиныг эмэгтэй хүн жолоодож явжээ. Мөн гэрчүүд тус эмэгтэй жолооч автомашиндаа бага насны хүүхэд авч явсан гэж мэдээлж байгаа. Цагдаа нар явган хүний зам руу гарч, олон хүн дайрсан энэ жолоочийг саатуулж, байцаалт авч байна. Байцаалтын үеэр жолоочийн цуснаас дээж авчээ. Дээжинд мансууруулах бодисын шинжилгээ хийж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Одоогоор тус жолооч явган хүмүүсийг санаатай дайрсан эсэх, хэрэв тийм бол ямар зорилготой энэ хэргийг үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Лас Вегасын тансаг зэрэглэлийн зочид буудлын хажууд болсон энэ хэрэг явдлын дараа ойр орчмын замыг хааж, түргэн тусламжийн автомашинууд хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн байна. АНУ-ын Терроризмтой тэмцэх хэлтсийнхэн хэргийн газарт очиж, хэргийг шалгах ажиллагаанд оролцож байгаа ажээ.
Эмэгтэй жолооч явган зорчигчдыг дайрчээ | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.