Шууд Chart

БНХАУ, Ирак стратегийн түншлэл байгуулав

2015-12-23 16:24:43

Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади БНХАУ-д хоёр хоногийн айлчлал хийж байна. Энэ айлчлалын хүрээнд хоёр орон стратегийн түншлэл байгуулахаар шийдвэрлэж, энэ талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Өчигдөр Хятадын дарга Си Зиньпин Иракийн Ерөнхий сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Хятад-Иракийн харилцаа улам ойртон нягтарч байгааг сайшаагаад, Хятад улс Торгоны зам-эдийн засгийн нэг бүслүүр үүсгэх бодлогынхоо хүрээнд Ирак дахь цахилгаан, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ гэж амласан байна. Хятад улсын эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр энэ нь хоёр орны харилцааны гол салбар болсон.

Хятад улс 2006 онд Иракаас нэг сая тонн газрын тос худалдаж авсан бол сүүлийн жилүүдэд энэ хэмжээ эрс өсөж, 2015 оны зөвхөн нэгдүгээр сард л гэхэд 3.4 сая тонн газрын тос импортложээ. Ийнхүү Хятадад газрын тос экспортлогч хоёр дахь том орон болсон Ирак улс өчигдөр Хятадтай газрын тос, байгалийн хийн худалдааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Тус санамж бичигт хоёр улс цаашид эрчим хүчний салбарт урт хугацаанд иж бүрэн стратегийн түншлэл тогтоох болсныг тусгажээ. Энэ хүрээнд газрын тосны худалдаанаас гадна хайгуул, олборлолтыг сайжруулж, эдгээртэй холбогдох дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхээр болсон байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ, Ирак стратегийн түншлэл байгуулав  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй