
АНУ-ын Сансар судлалын хүрээлэн НАСА Ангараг гарагт судалгаа хийх төхөөрөмжөө сансарт хөөргөх хугацааг хойшлуулжээ. Энэ нь ИнСайт нэртэй тус төхөөрөмжид суурилуулсан газар хөдлөлтийг хэмжих Францад үйлдвэрлэсэн багаж гэмтсэнтэй холбоотой юм байна.
Ангараг гарагийн газрын гадаргуугийн хөдөлгөөнийг атомын нарийвчлалтай хэмжиж, мэдээлэл цуглуулах ёстой энэ төхөөрөмж тус гараг дээрх эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Үүний тулд төхөөрөмжийн гол гурван мэдрэгчийг агааргүй орчинд тусгаарладаг байна. Харин энэ тусгаарлагчид гарсан цоорлыг засварлах ажил удааширч байгаагаас ИнСайт төхөөрөмжийг ирэх оны гуравдугаар сард төлөвлөсөн ёсоор хөөргөх аргагүй болсон байна.
Ангараг гарагийн геодези, газрын гүн дэх бүтэц, дулааныг шинжлэх зорилготой энэ төхөөрөмжийг дэлхий болон Ангараг гарагийн байршлыг харгалзан, ирэх оны гуравдугаар сарын 4-30-ны хооронд хөөргөх боломжтой гэж тооцоолсон. Харин энэ хугацаанд амжихгүй бол ийм боломж хоёр жил, хоёр сарын дараа л дахин гарна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Ангараг руу судалгааны төхөөрөмж хөөргөх хугацааг хойшлуулжээ | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.