Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ. Тэрээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морины төвөргөөн сонсогдов гэнэ. Ганжуур хүүхдүүдээ дуудаж: -Сайн морины дөрвөн туурай дуугарав. Гарч харцгаа гэжээ. Гэтэл тэднийд олон адуу хөтөлсөн аяны хоёр хүн ирж гэнэ. Аяны хүмүүсийг цай уух зуурт Ганжуур морьдыг харахаар гарчээ. Холбоотой хоёр адуу нүдэнд нь тусч гэнэ. Эргэж орж ирээд адууны наймаа хэлцэж хөтөлж яваа хүрэн гүүг чинь авъя. Аяны улс та нарт хэрэг болно. Гадаа уяан дээр байгаа гурван сайхан морийг минь унаад яв даа гэжээ. Аяны хүмүүс ч уухайн тас өгч, авалцаад яваад өгч гэнэ. Тэгээд тэднийг явсны дараа ”… Энэ хүрэн гүүний гэдсэнд ганц хурдан хүлэг бий дээ. Үүнийг л авах гэж гурвын гурван сайхан морио өглөө дөө” гэхэд хүүхдүүд нь зэмлэж “Та амьд адууны гэдсэн доторх адууг яаж мэдэв” гэж мориндоо харамсахад Ганжуур “Сав нь сайн юм билээ. Унгалаагүй эрмэг гүү хээл авсан байна. Аз байвал ажнай хүлэг төрөх биз гэжээ.
Хойтон жил нь хүрэн гүүнээс хэнз хүрэн унага гарч гэнэ. "Хэнз хүрэн" даагандаа хурдаа гайхуулж урдаа юуг ч гаргасангүй гэнэ. Хурдны их нь даага, соёолондоо гэдэг. "Хэнз хүрэн" олон түрүү авч эзэн хүнээ баярлуулж байжээ. Хожим “Хэнз хүрэн” хөгшрөөд Баян айргийн нуруунд зогсоогоороо үхсэн домогтой. Эхлээд эзэн нь “Хөгширч зөнөөд адуу гүйцэхгүй ганцаараа уулын энгэрт зогсоод байна” гэж боджээ. Гэтэл хамраас нь ус гоожиж газарт хүртэл мөсжин дөрвөн хөл нь хөшиж хөлдөж хоцорсон байсан гэнэ.
| Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь | ||
| Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.