
Хятад улс терроризмын эсрэг хууль баталлаа. Энэ хуулийн дагуу Хятадын цахим ертөнцөд үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд Засгийн газартай мэдээллээ хуваалцах үүрэг хүлээж байна. Өчигдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны гишүүд санал нэг баталсан энэ тухай хууль нэгдүгээр сарын 1 буюу баасан гарагаас хэрэгжиж эхлэх юм байна.
Тус хуулийн дагуу интернэт болон харилцаа холбооны компаниуд нууцлалтай мэдээллээ цагдаагийн байгууллага, мөн Нийгмийг аюулаас хамгаалах яамтай солилцох ёстой. Үүнээс үүдэлтэйгээр терроризмын эсрэг гэх энэ хуулийг АНУ-ын Засгийн газар эрс шүүмжлэн, Хятадад үг хэлэх, шашин шүтэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулах, улмаар цахим орон зай дахь мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүйг анхааруулсан байна. Мөн Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадаадын пүүс, компаниудад ч сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол гарч байна.
Гэхдээ аль ч томоохон улс оронд энэ мэт хууль тогтоомж байдаг. Энэ хуулиар терроризмтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх л зорилготой гэж Хятадын эрх баригчид тайлбарлаж байгаа юм. Терроризмын эсрэг хууль Хятадын Засгийн газарт мэдээлэлд тавих хяналтаа улам чангатгах арга хэрэглүүр болно гэж зарим ажиглагч үзэж байна.
Энэ хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд террорист үйл ажиллагааны тухай мэдээлэхэд хязгаарлалт тогтоож байгаа юм. Террорист халдлага хэн, хаана, хэрхэн үйлдсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл цацахыг хориглосноор иргэд нь дагаж дуурайх боломжийг бууруулна гэж Хятадын эрх баригчид үзэж буй юм байна.
АНУ: БНХАУ-д терроризмын эсрэг хуулиар үг хэлэх эрх чөлөөг улам боогдуулж магадгүй | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.