Шууд Chart

Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнд ирэх онд гарын үсэг зурна

2015-12-28 14:33:13

Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээнд оролцогч орнууд ирэх хоёрдугаар сарын эхээр тус гэрээнд гарын үсэг зурах ёслолоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэрээг аль болох нэн даруй хэрэгжүүлж эхлэхийг талууд зорьж байгаа юм. Худалдааны түншлэлд нэгдэж байгаа Япон, АНУ болон бусад 10 орон долоон жил үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст өнгөрсөн аравдугаар сард гэрээний төслийг эцэслэн боловсруулж дууссан. Улмаар АНУ-ын тал гэрээнд гарын үсэг зурахад шаардлагатай бүх нөхцөлийг хангасны дараа буюу ирэх хоёрдугаар сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулахаар хэлэлцэж байна.

Гарын үсэг зурах ёслол АНУ-ын нийслэл Вашингтонд, эсвэл Шинэ Зеландад болох юм байна. Үүнээс хойш түншлэлд нэгдэгч орнуудын Засгийн газрууд Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээг парламентаараа хэлэлцэн батлуулах ажилдаа шамдан орох аж. Японы Засгийн газар ирэх онд парламентын байнгын чуулган эхлэх үеэр энэ тухай хуулийн төслийг өргөн барих юм байна.

Харин тус гэрээ хэрэгжиж эхэлснээр пүүс компаниуд нь хөдөлмөрийн хөлс хямд улсуудад үйлдвэрүүдээ байгуулж, улмаар ажлын байрны тоо цөөрч магадгүй гэж АНУ-ын хууль тогтоогчид болгоомжилж байна. Үүнээс үүдэн ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л тус гэрээ АНУ-ын конгресст сайшаагдах болов уу гэж зарим ажиглагч үзэж байгаа юм. Гэрээг байгуулснаас хойш хоёр жилийн дотор оролцогч бүх орон соёрхон баталснаар, эсвэл хоёр жилийн дараа гэхэд оролцогч улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 85-аас дээш хувийг эзэлдэг улс орнууд соёрхон баталсан нөхцөлд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнд ирэх онд гарын үсэг зурна  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй