Шууд Chart

Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг эцэслэн шийднэ

2015-12-28 14:40:31

Өнөөдөр Сөүл хотноо Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзаж байна. Тэд дайны үеэр япон цэргүүдэд үйлчлэн, бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг энэ удаагийн уулзалтаар эцэслэн шийдвэрлэхийг зорьж байна. Хоёр орны харилцааг ахиулахад тулгарч байгаа том саад бэрхшээл болсон энэ асуудлыг яаралтай хэлэлцэн, шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт өнгөрсөн сард хоёр орны удирдагчид уулзах үеэрээ санал нэгдсэн юм.

Өнөөдөр хоёр орны Гадаад хэргийн сайд уулзахдаа бэлгийн боолчлолд өртсөн солонгос эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх санд оруулах хөрөнгийн хэмжээг хэлэлцэх юм байна. Үүнээс гадна Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида ийм сан байгуулсан нөхцөлд тус асуудлыг дахин сөхөхгүй гэх баталгааг Солонгосын талаас авах хүсэлтэй байгаа юм. Хоёр орон харилцаагаа эргүүлэн хэвийн түвшинд аваачих тухай 1965 онд байгуулсан гэрээгээр бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг аль хэдийнэ шийдсэн гэж Япон үзэж байгаа. Харин Солонгосын тал энэ асуудлыг удаа дараа сөхөж, Япон хариуцлагаа хангалттай хүлээгээгүй гэж үзсээр иржээ.

Одоо ч Солонгосын тал Японы Засгийн газрыг дайны цагийн бэлгийн боолчлолын хариуцлагыг хууль ёсоор өөртөө хүлээхийг шаардаж байгаа. Мөн бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан шинэ сангийн хөрөнгөд Япон олон арван сая доллар гаргах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг эцэслэн шийднэ  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй