
Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн өчигдөр болж өнгөрлөө. Гурван нэр дэвшигч Тайвань арал цаашид Хятадын тухай ямар бодлого баримтлах талаар ширүүн мэтгэлцээн өрнүүлсэн байна. Сүүлд явуулсан санал асуулгаар Тайванийн сөрөг хүчний “Ардчилсан дэвшилтэт нам”-ын дарга Цай Инвэнь сонгуульд ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигчид тооцогдож байна.
Түүнээс гадна эрх баригч Үндэсний намын Эрик Чу, мөн сөрөг хүчний Ардын тэргүүлэх намын Жеймс Сун нар энэ удаагийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж байна. Эрх баригч намынхан "Нэг Хятад, хоёр тогтолцоо" бодлогын хүрээнд Хятадтай харилцаагаа улам нягтруулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол сөрөг хүчний гол өрсөлдөгч “Ардчилсан дэвшилтэт намынхан” Хятадаас өрх тусгаарлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Өчигдөр болсон мэтгэлцээний үеэр эрх баригч намын нэр дэвшигч Эрик Чу Ардчилсан дэвшилтэт намын дарга Цай Инвэнийг Хятадын талаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй гэж шүүмжилжээ.
Тайванийг Хятадаас тусгаар тогтнох шаардлагатай гэж үздэг тус намын бодлого Тайванийн ирээдүйд том аюул занал учруулж байна гэж Эрик Чу үзэж байна. Тайванийн одоогийн Ерөнхийлөгч Ма Инжоугийн залгамжлагчийг тодруулах сонгуулийн санал хураалт ирэх сарын 16-нд болно.
Тайванийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэв | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.