
Иракийн цэрэг арми Рамади хотын захиргааг "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлсөн тухай бид та бүхэнд мэдээлсэн. Мягмар гарагт Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади тус хотод очиж, хотын захиргааны барилгын оройд төрийн далбаагаа мандуулсан байна.
Рамади нь Иракийн хамгийн том муж болох Анбар мужийн засаг захиргааны төв юм. Өнгөрсөн тавдугаар сард Иракийн цэргүүд "Исламын улс" бүлэглэлд ичгүүртэй ялагдал хүлээж, хяналтаасаа алдсан тус хотыг одоо бүрэн аюулгүй болгож, ард иргэдийг эргүүлэн суурьшуулж чадвал Иракийн засаг захиргааны хувьд томоохон амжилт болно гэж ажиглагчид үзэж байна. "Исламын улс" бүлэглэлийнхэн Рамади хотын гудамж, барилгуудад олон тооны тэсрэх бөмбөг байрлуулсан, мөн хотын зарим хэсэгт тус бүлэглэлийн цөөн дайчин бүгж байгаа.
Иймээс Засгийн газрын цэргүүд тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгож, "Исламын улс" бүлэглэлийн дайчдыг бүрэн шахан гаргах, түүнчлэн байлдааны үеэр нурж сүйдсэн дэд бүтцийг сэргээн босгох шаардлагатай байна. Өчигдөр Рамадид нисдэг тэргээр хүрэлцэн очсон Иракийн Ерөнхий сайд хотын захиргааны барилгад далбаагаа мандуулсны дараа энэ пүрэв гарагийг бүх нийтийн баярын өдөр болгон зарлалаа. Өнгөрсөн онд Иракийн цэрэг арми олон том ялагдал хүлээсэн. Харин энэ удаа Рамадид илт давуу ялалт байгуулсан нь Засгийн газрын арми хүч нөлөөгөө эргэн сэргээхэд өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард "Исламын улс" бүлэглэл Иракийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэгийг хяналтандаа оруулснаас хойш тус улсын цэрэг арми байлдаанд шийт урсгалын зэвсэгт дайчдыг дэмжих байдлаар оролцсоор өдийг хүрсэн юм.
Рамади хотын захиргаанд Иракийн далбаа мандав | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.