
Үндэсний олон нийтийн цахим хуудас mnb.mn Монголын спортын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
1.Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн хошой аваргатай боллоо
2015 оны 9 дүгээр сарын 8. АНУ-ын Лас Вегас хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, МУГТ Соронзонболдын Батцэцэг 63 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо. Гавьяат тамирчин маань бөмбөрцгийн олон шилдгүүдийг сөхрүүлж, Монголын чөлөөт бөхийн тамирчдын түүхэн дэх анхны дэлхийн хошой аварга эмэгтэй болж нэрээ мөнхөллөө. МУГТ С.Батцэцэг энэ онд "Рио-2016" ээлжит олимпийн эрхээ авсан.
Мөн энэ дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртэж 20 насандаа дэлхийн аваргын хос медальтан боллоо. Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Батболдын Номин, 74 кг-д ОУХМ Пүрэвжавын Өнөрбат нар мөнгөн медаль хүртэж, 2007 оноос хойш тасраад байсан дэлхийн аваргын мөнгөн медалийг буцаан авч ирлээ.
2.Төрийн их баяр наадамд Э.Оюунболд түрүүлж, Монгол Улсын арслан боллоо
2015 оны 7 дугаар сарын 12. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга" дэвжээний бөх Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, Улсын арслан цолыг хүртлээ. Э.Оюунболд 22 насандаа Улсын их баяр наадамд түрүүлсэн бөгөөд Хэнтий аймгаас 16 жилийн дараа улсын наадамд түрүүлсэн бөхөөр тодров.
Мөн төрийн их баяр наадамд Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, "Увс нуур" дэвжээний бөх, Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.
3.Мэргэжлийн сүмогийн ноён оргилд хүрлээ
2015 оны Харү башёгийн 13 дахь өдөр. 1700 жилийн түүхтэй Японы үндэсний мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн олон түрүүг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал тогтоолоо. Сүмо бөхийн мэргэжлийн дээд зиндаанд 33 түрүүлж, домогт Тайхо аваргын амжилтыг эвдэж, их сүмо бөхийн ноён оргилд хүрлээ. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сарын барилдааны 13 дахь өдөр Озеки Кисеносатог өвдөг шороодуулснаар Харү башёд түрүүлэх нь тодорхой болсон. Одоогоор Хакүхо М.Даваажаргал 35 түрүүлээд байна.
Мөн энэ онд зуун дамжсан их хүчтэнүүд болсон аав, хүү аваргууд хоёулаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж, түүхэн онцлох үйл явдлуудын нэгд бичигдээд байна.
4.Бодибилдингийн спортын дэлхийн эмэгтэй аваргатай боллоо
2015 оны 11 дүгээр сарын 30. Тайландын Бангкок хотноо болсон 7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд ОУХМ Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, Дэлхийн аварга цолыг хүртлээ. Ийм амжилтыг үзүүлэх нь эмэгтэй тамирчнаас асар их тэвчээр, хүч шаарддаг хэдий ч Дэлхийн аварга Г.Угалзцэцэгийн хувьд олон жилийн бэлтгэлийн үр дүн байв.
Мөн энэ ангилалд Г.Гансаруул хүрэл медаль, эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн /40-49 насны/ ангилалд ОУХМ Л.Баянхүү мөнгөн медаль, эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв. ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, дөрвөн албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.
5.Өсвөрийн ой тогтоогчид дэлхийд ноёлсон жил
2015 оны 12 дугаар сарын 16-18. Хамгийн сүүлд манай өсвөрийн ой тогтоогчид 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Манай тамирчид тэмцээний эхний өдөр л авч болох нийт 24 медалийн 11-ийг нь өөрийн болгож, дэлхийн хэвлэлүүдээр шуугиан дэгдээсэн юм. Тэд 26 медаль хүртсэнээр медалийн чанараараа дэлхийн 27 орны 300 орчим тамирчинг тэргүүлж, "Хоёртын тоолол" төрөлд л гэхэд зургаан дээд амжилт тогтоож, 5 төрөлд дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэв.
Монголчуудын оюуны чадамжийг дэлхийд дансалж, Ой тогтоолтын Азийн мастер З.Цэцэгзул 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санасан бол Ой тогтоолтын Олон улсын их мастер Э.Пүрэвжавын хувьд хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Тэрээр 1 цагт 22 багц /хайрцаг/ хөзөр цээжилж алдаагүй нэрлэж чадсан. Өмнө нь 19 багц хөзөр байсныг ийнхүү шинэчилжээ.
6.Монгол уяачийн ур ухаан дэлхий тийш зүглэлээ
2015 оны 11 дүгээр сар. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар энэ онд төрийнхөө их баяр наадамд олон айраг, түрүү хүртсэн. Түүнээс гадна АНУ-д 32 дахь жилдээ болсон дэлхийн чансаа өндөр хурдан хүлгүүдийн “Брэйдс кап” орчин цагийн морин уралдаанаас өөрийн уяа сойлгыг нь тааруулсан 14 дугаартай “Mongolian sunday” хэмээх соёолонгоороо түрүү хүртлээ.
Ингэснээр анх удаа Монгол уяач дэлхийд айрагдаж, 32 жилийн дараа Ази уяач энэ уралдаанаас түрүү хүртсэн байна. Мөн энэхүү хурдан хүлэг 12 дугаар сарын 13-нд Хонгконгийн морин тойруулгад болсон Олон улсын уралдаанд дөрвөлсөн амжилт гаргалаа. “Mongolian sunday”-г дааган насанд нь Монгол Улсын тод манлай уяач Д.Онон шинжин зөвлөснөөр 1000 дааганаас шилж авчээ.
7.Монголын топ спортын залгамж халаа Энхтайваны Даваахүү
2015 оны 7 дугаар сарын 10. Дэлхийн оюутны зуны "Универсиад" XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо болсон. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Энхтайваны Даваахүү БНХАУ, БНСУ зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө ардаа орхин алтан медаль хүртлээ. Ингэснээр Э.Даваахүү Монголын буудлагын тамирчдаас төрсөн анхны "Универсиад"-ын аварга болж байна.
Мөн тэрбээр "Универсиад"-аас гурван медаль хүртсэн бөгөөд энэ амжилтаараа анхдагч боллоо. ОУХМ Энхтайваны Даваахүү “Рио-2016” олимпод оролцоно.
8.Хэн, хэн их спортын замналаа өндөрлүүлэв
Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаад Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн сүүлийн барилдаанаа 2015 оны долоодугаар сарын 12-26-ны өдрүүдэд Нагоя башёд хийлээ. Тэрбээр энэхүү башёг гурван даваа, 12 унаатайгаар өндөрлүүлээд албан ёсоор зодог тайлж байгаагаа мэдэгдсэн. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж 2015 оны есдүгээр сарын 13-нд буюу 41 насандаа мэргэжлийн спортын замналаа орхисон юм.
Кёкүтэнхогийн мэргэжлийн сүмо дахь оргил үе нь 2012 оны тавдугаар сарын барилдаан байв. 38 насандаа анх удаа түрүүлж, хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөөр тодорсон. Мөн 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй 99 башё барилдсан амжилт нь сүмогийн ертөнцөд анхаарал татдаг.
Х.Цагаанбаатар их спортоо орхив.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, 2004 оны Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр өөрийн хуучин жин 66 кг-д спортын эргэн ирэлт хийх барилдаанаа дэлхийн аваргын татамид хийсэн ч хоёрдугаар тойргоос хасагдсан юм. Гэвч энэ дэлхийн аваргаас багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Астана хотноо болсон ДАШТ-д хоёрдугаар тойрогт харамсалтайгаар ОХУ-ын жүдочид ялагдсан. Тэрбээр, зодог тайлсан даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож ажилласан бөгөөд цаашдаа дасгалжуулагчийн хувиар их спортдоо хүчин зүтгэнэ.
9.Олон улсын томоохон тэмцээнүүд манай эх оронд боллоо
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ. Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Азийн волейболын холбооны ивээл дор гурав дахь удаагаа Монгол Улсад боллоо. Тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг МВХ, Япон улстай өрсөлдөн авч, нийт 300 сая төгрөгийн хүрээнд зохион байгуулсан юм.
Энэ удаагийн тивийн аваргад Японы тамирчид тэргүүлж, Тайвань, БНСУ-ын баг удаалав. Харин Монгол Улсын баг тамирчид дөрөвдүгээр байрт орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Футзалны хөлбөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шат. МХБХ хамгийн сүүлд Ази тивийн 14 дэх удаагийн футзалын тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг Улаанбаатар хотод зохион явууллаа. Тус тэмцээнд Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа оролцлоо. Монголын шигшээ баг зүүн Азийн хүчирхэг орнуудтай “үхлийн хэсэгт”-т багтаж дөрвөн тоглолтыг хийсэн.
Ази тивийн бүсээс ердөө хоёр орон л цааш шалгарч ирэх жил Узбекстан улсыг зорих эрхээ авах байлаа. Манай баг тамирчид тэмцээний сүүлийн өдөр хэсгийн хоёроор гарах боломжийн төлөө тоглосон ч БНСУ-ын баг Хятадын багтай тэнцсэнээр манайд боломж олдоогүй билээ.
Өвсөрийн шатарчдын дэлхийн олимпиад. Шатрын спортын “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” манай улсад анх удаа боллоо. Энэ тэмцээнд манайхаас зохион байгуулагчийн давуу эрхээр 10 баг оролцож IX, X байрыг эзэлсэн юм. Тэмцээний зохион байгуулалтад анхаарч Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов болон Азийн шатрын холбооны удирдлагууд, Монголын шатрын холбоо, БСШУЯ, ЭМСЯ-наас дэмжиж ажилласан байна.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Ираны шатарчид тэргүүлэв.
10. Паралимпийн тамирчид амжилт арвинтай жил
Зөвхөн байт харвааны төрлөөр л гэхэд энэ онд “РИО-2016” Зуны паралимпийн XV наадамд оролцох эрхийг Олимпийн аварга Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр нар авлаа. Паралимпийн тамирчдын энэ оны амжилтаас дурдахад, Ганбатын Болор Турк улсын Самсун хотод болсон пара таеквондогийн зургаа дахь удаагийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, 2015 оны пара таеквондогийн 61 кг жинд дэлхийн чансааг тэргүүлж байна.
Энхбаярын Содномпилжээ 2015 он АНЭУ-д болсон паэрлифтингийн "Дэлхийн цом"-ын мөнгөн медаль, Казахстан улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ. Мөн Аажимын Мөнхбат БНСУ-ын Сөүл хотноо болсон Хараагүйчүүдийн Дэлхийн наадмаас жүдо бөхийн 66 кг-д мөнгөн медаль хүртэв.
2015 оны Монголын спортын онцлох үйл явдал | ||
Үзсэн: 2565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.