Шууд Chart

Дэлхийн зарим улс орнууд шинэ оноо тэмдэглэв

2016-01-02 09:28:41

Цагийн зөрүүнээс хамаараад дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд Номхон далайд орших Самоа, Кирибати зэрэг арлын орнууд 2016 оноо угтан авлаа. Харин шинэ он хамгийн сүүлд айлчилж байгаа улс орнуудын тоонд АНУ, Канад улсууд орж байна. Энэ жилийн хувьд, зарим улс орон 2016 оныг угтсан баяр ёслолын үйл ажиллагааг аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалтан дор зохион байгуулсан нь онцлог байлаа.

Зарим улс оронд өнгөрсөн оны сүүлээр террорист халдлага болсноос  үүдэлтэйгээр тэдгээр орны эрх баригчид шинэ оны босгон дээр төв талбайдаа цуглах хүмүүсийн тоог хязгаарлах, цагдаагийн нэмэлт хүч дайчлах зэргээр баярын үеэр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Тухайлбал манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын удирдлага шинэ оны баяраар хөл хөдөлгөөнтэй байдаг Улаан талбайг хаасан байна. Харин Германы Мюнхен хотод цагдаа нар галт тэрэгний 2 буудалд террорист халдлага гарч болзошгүй гэх мэдээллээр зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Гэхдээ дийлэнх улс орон терроризмын аюул заналыг хүндээр тусгаж авалгүйгээр шинэ оноо баяр хөөртэйгөөр угтаж авлаа. Москва хотын Улаан талбай, Германы нийслэл Берлин, Их Британийн нийслэл Лондон хотын Темза мөрний эрэгт салют буудуулах ёслолыг зохион байгуулсан байна. Салют буудуулах ёслолыг Лондон хотод 100 гаруй мянган хүн, харин Берлинд 1 сая хүн үзэж сонирхжээ. Мөн шинэ оныг хамгийн олон хүн хамтдаа угтдаг Нью-Йорк хотын алдарт Таймс талбайд энэ удаад 1 сая орчим хүн цугларсан байна.

Тус талбайд байрлах өнгө өнгийн гэрлээр гялалзах бөмбөлөг 60 секундэд аажмаар доошилсоор газардаж, цугласан олонд шинэ он ирснийг зарлажээ. Харин Хятадын зүүн хэсэг дэх Яньтай хотод усан доор концерт зохион байгуулсан нь шинэлэг байдлаараа олны анхаарлыг татсан байна. 2016 оны зуны Олимпыг зохион байгуулах Бразил улсын  Рио де Жанейро хот энэ онцгой оныг угтан алдарт Копакабана далайн эрэгтээ 16 минутын турш салют буудуулж, 1 сая хүн оролцсон том хэмжээний үдэшлэг зохион байгуулсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн зарим улс орнууд шинэ оноо тэмдэглэв  
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй