
Улиран одсон 2015 оны сүүлчийн үдэш олон орны удирдагчид ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, энэ үеэрээ өнгөрсөн оноо дүгнэн, шинэ онд баримтлах бодлого, зорилтынхоо талаар танилцууллаа. Манай хойд хөрш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээндээ цэргийн алба хаагчдаа онцолжээ. Тэрээр гэр бүлтэйгээ тэмдэглэдэг энэ баяраар үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа ажилчид, албан хаагчид, тэдгээрийн дунд Оросын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалж, терроризмтой тэмцэхэд оролцож байгаа хилийн чанад дахь цэргийн бие бүрэлдэхүүнийхээ гавьяаг үнэлж, онцлон баяр хүргэсэн байна.
Цэргийн эрэмгий зориг, шийдэмгий байдал аль ч газар орон, ямар ч ажил үүрэгт эрхэмлэх ёстой чанарууд болохыг тэрээр тэмдэглэжээ. Мөн Орос улсын ирээдүй иргэн бүрийнх нь ажлын үр бүтээмж, хөдөлмөр зүтгэлээс шалтгаална гэдгийг Путин ард иргэддээ сануулсан байна. 2015 онд болсон үйл явдлуудаас Путин Орос улс аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг онцлох үйл явдлаар нэрлэлээ.
Орос орны түүх, хүнд бэрх цагт эв нэгдлээ хадгалж чаддаг байсан өмнөх үеийнхнийхээ нандин чанараас суралцах хэрэгтэй гэдгийг Путин ард түмэндээ захисан байна. Орос улсын өргөн уудам газар нутаг цагийн 11 бүсэд хуваагддаг, иймээс орон нутгийн телевизүүд Путины мэндчилгээг цагийн бүс болгонд он гарахтай зэрэгцэн дамжуулжээ.
Путин шинэ оны мэндчилгээндээ цэргийн албан хаагчдаа онцлов | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.