Шууд Chart

Туркийн эсрэг ОХУ-ын арга хэмжээ хэрэгжиж эхлэв

2016-01-04 09:24:51

Шинэ он гарахтай зэрэгцэн олон улс оронд өнгөрсөн онд батлагдсан зарим шийдвэр, хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Эдгээрийн дотор ОХУ-ын Украйн, Туркийн эсрэг баталсан хэд хэдэн хууль, шийдвэр хэрэгжиж эхэлснийг тодотгож болно. Өнгөрсөн 11 дүгээр сард Турк улс агаарын хилийг зөрчсөн шалтгаанаар Оросын байлдааны онгоцыг пуужингаар сөнөөсөн. Үүнтэй холбогдуулан Оросын эрх баригчид Туркийн тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд тогтоосон хориг арга хэмжээг өчигдрөөс эхлүүллээ. Энэ хориг арга хэмжээний хүрээнд Орос Туркээс жимс, хүнсний ногоо, давс, тахианы мах зэрэг бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоож байна.

Туркийн хөдөө аж ахуйн яамны мэдээгээр энэ хоригийн улмаас тус улсад 764 сая америк долларын хохирол учрах төлөвтэй байгаа юм. Үүнээс гадна хоёр орны хоорондох захиалгат нислэгүүд цуцлагдсан, мөн өчигдөр Орос, Туркийн иргэд харилцан визгүй зорчих журмыг албан ёсоор цуцлалаа. Оросын эрх баригчид иргэдээ Турк руу зорчихгүй байхыг уриалан, тус улсыг терроризмын аюул занал өндөртэй улс орнуудын тоонд багтаасан. Ингэснээр жил бүр Оросоос гурван сая гаруй жуулчин хүлээн авдаг байсан Турк жилд 3.5 тэрбум америк долларын хохирол амсана гэж эдийн засагчид тооцоолж байна.

Мөн өнгөрсөн баасан гарагаас эхлэн Оросын компаниуд Турк ажилчин хөлслөх эрхгүй боллоо. Үүнээс гадна Туркийн компаниуд Оросын төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлэх, мөн Орост барилга хот байгуулалт, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулахад хориг тогтоож байгаа. Ингэснээр Туркийн эдийн засаг нийтдээ 10 гаруй тэрбум долларын алдагдал учрах төлөвтэй байна. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу эдгээр хориг арга хэмжээг зэмлэн буруушааж, шаардлагатай гэж үзвэл Оросын эсрэг хариу хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Туркийн эсрэг ОХУ-ын арга хэмжээ хэрэгжиж эхлэв  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
80.11.149.xxx [80.11.149.xxx] 2016-01-04 12:39
muusain allahuud hentei terseldsnee odoo hussen huseegui amsah boljdee ????

Бидэнтэй нэгдээрэй