Шууд Chart

ОХУ Украйны хүнсний бүтээгдэхүүнд хориг тогтоов

2016-01-04 09:34:15

Украйны хүнсний бүтээгдэхүүний экспортод Оросын тогтоосон хориг арга хэмжээ өнгөрсөн баасан гарагаас хэрэгжиж эхэллээ. Энэ нь Европын холбоо, Украйны хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотой юм.

2014 онд Европын холбоо, АНУ, Канад, Австрали болон Норвеги зэрэг орон Оросын эсрэг хориг тогтоосонтой холбогдуулан тус улс хариу хориг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хориг арга хэмжээ энэ оны  наймдугаар сар хүртэл үйлчилнэ. Харин Оросын хориг арга хэмжээнд багтсан Европын холбоотой Украйн чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар Европын холбооны бараа бүтээгдэхүүн Украйнаар дамжин Оросын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж нээгдсэн. Үүнээс сэргийлэх зорилгоор ОХУ Украйны хүнсний бүтээгдэхүүний экспортод хориг тогтоосон байна.

Украйн ч мөн энэ сарын 10-наас эхлэн Оросын талх, нарийн боов, шоколад, мах, кофе, тамхи, согтууруулах ундаа болон бусад хүнсний бүтээгдэхүүний экспортод хариу хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Оросоос Украйнд экспортлодог бараг бүх бүтээгдэхүүн  Украйны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад багтсан байгааг ажиглагчид онцолж байна. Өнөөдөр мөн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын чөлөөт худалдааны бүсээс Украйн албан ёсоор хасагдлаа. Ингэснээр Евроазийн эдийн засгийн холбоонд багтдаг Армень, Беларусь, Киргизстан, Орост бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ татварын хөнгөлөлт эдлэхгүй болж байна. Үүнээс гадна өнгөрсөн сард Украйн Орос улсад төлж дуусгах ёстой байсан гурван тэрбум америк долларын өрийн асуудлаар ОХУ олон улсын шүүхэд зарга үүсгэхээр төлөвлөж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ Украйны хүнсний бүтээгдэхүүнд хориг тогтоов  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй