
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэ оны босгон дээр галт зэвсийн хяналтыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. АНУ нэг иргэнд ногдох галт зэвсгийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсад галт зэвсэгтэй холбоотой зөрчил тасрахгүй байгаа юм.
АНУ-д өнгөрсөн онд 13 гаруй мянган хүн буудуулж, амь үрэгдсэн гэх тоо баримт гарчээ. Мөн цагдаа нар нэг иргэний гэрээс таван мянга гаруй буу илрүүлсэн явдал нь тус улс дахь галт зэвсгийн хяналт хангалтгүй байна гэх шүүмжлэл улам газар авахад хүргэсэн юм. Иймээс Ерөнхийлөгч Барак Обама конгрессээр хэлэлцүүлэлгүй өөрийн бүрэн эрхийн хүрээнд галт зэвсгийн хяналтыг чангатгах ямар арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой талаар өнөөдөр Ерөнхий прокурортой уулзаж, хэлэлцэх юм байна. "Вашингтон пост" сонины мэдээлснээр Обамагийн засаг захиргаанаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнд буу худалдаалагч бүх этгээд заавал зөвшөөрлийн гэрчилгээтэй байх, мөн худалдан авагчийнхаа хувийн мэдээллийг эн тэргүүнд шалгаж үзэх зэргийг үүрэг болгохоор тусгасан байна.
Эдгээр арга алхам нь галт зэвсгийн хууль тогтоомжид байгаа цоорхойг бүрэн нөхөж чадахгүй ч багасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж шинжээчид дүгнэж байна. Үүнээс гадна гээсэн болон хулгайд алдсан бууны талаар мэдээлэх дүрэм журмыг чангатгах төлөвтэй байгаа юм. Гэхдээ ирэх сонгуульд ялалт байгуулсан нөхцөлд галт зэвсгийн хяналтыг чангатгах ямарваа зарлиг шийдвэрийг хүчингүй болгоно гэдгээ Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөгчид мэдэгдээд байна. Америкчуудын дийлэнх нь буу худалдан авч, биеэ хамгаалах нь зүйтэй гэж үздэг. 12 дугаар сард "Вашингтон пост" сонины санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү нь галт зэвсгийн хяналтыг чангатгахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Обама галт зэвсгийн хяналтыг чангатгана | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.