
ОХУ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчлэн баталжээ. Тус баримт бичигт Орос АНУ-ыг үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулж буй орон гэж анх удаа тодорхойлсон нь хоёр орны хоорондох харилцаанд том сэв суусны илрэл гэж ажиглагчид дүгнэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус баримт бичигт өнгөрсөн пүрэв гарагт гарын үсэг зуржээ. 2009 онд батлагдсан энэ тухай өмнөх баримт бичигт Умард Атлантын цэргийн эвсэл НАТО болон АНУ-ын тухай дурдаагүй байсан юм. Харин хоёр оны заагт батлагдсан шинэ үзэл баримтлалд Орос улс бие даасан бодлого баримталж, олон улсын тавцан дахь үүрэг оролцоогоо нэмэгдүүлсэн, улмаар энэ явцдаа олон улсын харилцаанд ноёрхлоо хадгалах гэсэн АНУ, түүний холбоотон улсуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан гэж дүгнэсэн байна.
Мөн Украйнд үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийхэд дэмжлэг үзүүлсэн гэж АНУ, Европын холбоог буруутгасан байна. Үүнээс гадна НАТО-гийн өргөжин тэлэлт, АНУ Оросын хөрш улс орнуудад биологийн зэвсэг боловсруулах сүлжээ лабораториуд байгуулсан зэрэг явдал нь Оросын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж Оросын эрх баригчид дүгнэжээ. Үндэсний аюулгүй байдлын стратеги боловсруулахад гол үүрэгтэй тус суурь баримт бичигт Сирийн асуудлыг тусгаагүй байна. Орос улс өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа юм.
ОХУ үндэсний аюулгүй байдлын баримт бичгээ шинэчлэн батлав | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.