
Газар нутгийн маргааны асуудлаар Япон, ОХУ дээд түвшний яриа хэлэлцээ зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр сууриа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр мөн үүнтэй адил уриалга дэвшүүлж байсан юм. Японы Хоккаидо арлын умард хэсэгт оршдог Курилын арлуудыг хоёр орон өөрсдийн газар нутаг хэмээн маргадаг. Үүнээс үүдэлтэйгээр дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Орос, Япон хоёр улс энхийн гэрээ байгуулж чадаагүй юм.
Хоёр орны удирдагч биечлэн уулзаагүй нөхцөлд энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж Шинзо Абэ үзэж байна. Мөн терроризмтой тэмцэх, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг хэрэгжүүлэх, Сирийн хямралыг шийдвэрлэхэд ОХУ-ын үүрэг оролцоо их болохыг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 2012 онд бүрэн эрхээ хүлээж авснаасаа хойш Ерөнхий сайд Шинзо Абэ Оростой харилцаагаа сайжруулахыг зорьж ирсэн.
Харамсалтай нь Украйны хямрал болон цаг үеийн бусад асуудлаас үүдэн энэ хүчин чармайлт төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Путины Япон улсад айлчлах төлөвлөгөө ч үүнээс үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа. Харин Орос улс Алс Дорнодын бүс нутагтаа гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхол өсөн нэмэгдэж байгаа энэ үеэр газар нутгийн маргааны асуудлаар дахин хэлэлцээ эхлүүлэх нь оновчтой гэж Японы тал үзэж байна. Үүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Сөүлд Хятад, Өмнөд Солонгосын удирдагчидтай уулзсан нь талууд харилцаагаа хэвийн түвшинд аваачихад чухал хувь нэмэр болсныг онцолжээ.
Япон ОХУ-тай дээд хэмжээний уулзалт хийх санал тавив | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.