Шууд Chart

Ирантай дипломат харилцаагаа тасласан улсууд нэмэгдэв

2016-01-05 11:51:15

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасласны дараа Бахрейн, Судан зэрэг улс мөн ийм шийдвэр гаргаснаа зарлалаа. Өнгөрсөн бямба гарагт Саудын Араб шийт урсгалын номлогч Аль Нимрийг терроризмын хэрэгт буруутган цаазаар авсан юм. Үүнийг Ираны эрх баригчид зэмлэн буруушаасан бол иргэд нь эсэргүүцлээ илэрхийлж, улмаар Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд дайран орж, гал тавьсан.

Дараа өдөр нь Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Ирантай дипломат харилцаагаа тасалж байгааг зарлан, Ираны дипломатуудад 48 цагийн дотор тус улсаас гарч явахыг хүссэн юм. Одоо Ирантай дипломат харилцаагаа тасласан орнууд хоёроор нэмэгдлээ. Ираны эрх баригчид Саудын Арабыг Элчин сайдын яаманд нь дайран орсноор шалтаглан исламын шашны шийт, сунит омгийнхны хагарлыг дэвэргэж, Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдал үүсгэхээр оролдож байна гэж мэдэгдсэн байна. Энэ үеэр Иран, Ирак улсуудад Саудын Араб шийтийн номлогчийг цаазаар авсныг зэмлэн буруушаасан жагсаал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Саудын Араб, Бахрейн, Судан зэрэг улсад сунит омгийнхон засгийн эрх барьдаг бол Ираны удирдагчид шийт омгийнхон юм. Исламын шашинт олон оронд аль-Нимрийг цаазаар авсан явдлыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдаж байна. Ирантай дипломат харилцаагаа таслаж, Саудын Арабын талыг баримталж байгаа Бахрейнд ч шийт шашны цөөнхийн иргэд Саудын Арабын Элчин сайдын өмнө жагсан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ирантай дипломат харилцаагаа тасласан улсууд нэмэгдэв  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй