
Өнгөрсөн бямба гарагт Саудын Араб улсад исламын шашны шийт урсгалын номлогч аль-Нимрээс гадна 46 хүнийг терроризмын хэрэгт буруутган, цаазаар авсан юм. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Зейд Раад аль-Хусейн цаазаар авах ялд хориг тавихыг Саудын Араб улсад уриалсан байна.
Тэрбээр ийнхүү уриалахдаа сүүлийн үед вант улсад цаазаар авах ял оноох тоо, эдгээр ялыг ёсоор болгох явдал эрс нэмэгдсэнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна аль-Хусейн 2015 онд Саудын Арабын Засгийн газарт номлогч аль-Нимрт оноосон цаазаар авах ялын асуудлаар албан захидал хүргүүлж байсан тухайгаа сануулсан байна. Мөн тэрээр Саудын Арабын Засгийн газарт НҮБ болон бусад түншүүдтэй терроризмтай тэмцэх өөр стратеги боловсруулах тал дээр нягт хамтран ажиллахыг уриаллаа.
Европын холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини ч гэсэн сая Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейртэй утсаар ярихдаа ямар ч тохиолдолд цаазаар авах ял оноох нь хүнлэг бус явдал гэдгийг мэдэгджээ. Энэ хэрэг явдал Исламын ертөнцөд шашны үндэс сууринд тулгуурласан хүчирхийлэл шатлан өргөжих шалтгаан болно гэдгийг хатагтай Могерини анхаарууллаа.
НҮБ цаазаар авах ялд хориг тавихыг Саудын Араб улсад уриалав | ||
Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.