Шууд Chart

Хятадын онгоц хиймэл аралд туршилтын буулт хийв

2016-01-05 12:24:54

Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүс нутагт Хятад улс дэд бүтэц байгуулж байгаа. Энэхүү дэд бүтцийн нэг хэсэг болсон нислэгийн зурваст Хятадын иргэний агаарын тээврийн онгоц туршилтын буулт хийсэн байна. Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал босгон, түүндээ дэд бүтэц байгуулах Хятадын төлөвлөгөө хуваарийн дагуу үргэлжилж, дуусах төлөвтэй байна. Үүний дараа байлдааны нисэх онгоцууд тус бүс нутгаас туршилтын нислэг үйлдэж эхэлнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Учир нь Хятадын хиймэл арал дахь нислэгийн зурвасууд байлдааны болон бөмбөгдөгч онгоц хөөрөх боломжтой байхаар хийгджээ. Өнгөрсөн бямба гарагт Хятадын иргэний агаарын тээврийн онгоц хиймэл аралд амжилттай газардсаныг тус улсын Гадаад хэргийн яам баталгаажуулсан. Үүний дараа энэ бүс нутгийг мөн л өөрийн эзэмшлийнх гэж маргадаг Вьетнам дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн бол Филиппиний Гадаад хэргийн яамнаас Хятадтай адил туршилтын нислэг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бүрэн хяналтандаа авч, ингэснээр тус бүс нутагт бусад улс далайн навигацийн эрхээ гүйцэлдүүлэх боломжгүй болно гэж бусад улс болгоомжилж байгаагаас энэ нь үүдэлтэй юм.

Хятадын эрх баригчид хиймэл арлуудаа энхийн зориулалтаар, тухайлбал, эргийн харуул хийх, загасчлалын асуудлаар судалгаа явуулахад ашиглана гэж тайлбарлаж байгаа ч эдгээр арлын дэд бүтцийг цэргийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтойгоор байгуулсан нь олон улсыг түгшээж байгаа юм. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг өөрийн газар нутаг гэж маргаж байгаа. Жил бүр 5 их наяд америк долларын бараа бүтээгдэхүүн ачсан хөлөг онгоцууд тус бүс нутгаар дамжин өнгөрдөг юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын онгоц хиймэл аралд туршилтын буулт хийв  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй