
АНУ-ын Хууль зүйн яам Германы автомашин үйлдвэрлэгч Фольксваген компанийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. Энэ нь Фольксвагений олон сая автомашинд хорт хий ялгаруулалтыг өөрчлөн мэдээлдэг програм суулгасан дуулиант хэрэгтэй холбоотой юм байна. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын хууль сахиулагчид Фольксваген компанийн эсрэг мөрдлөг шалгалт эхлүүлсний дараа тус компанийн удирдлага 11 сая автомашиндаа хууран мэхлэх програм суурилуулсан гэдгээ хүлээсэн юм.
Өчигдөр энэ асуудлаар АНУ-ын Хууль зүйн яам тус улсын Байгаль орчныг хамгаалах агентлагийн нэрийн өмнөөс Фольксваген компанийн эсрэг зарга үүсгэлээ. Энэ заргад Фольксваген компани АНУ-д худалдаалагдсан дизель хөдөлгүүртэй 600 гаруй мянган автомашиндаа азотын давхар исэл ялгаруулалтын хэмжээг өөрчлөн мэдээлдэг хууль бус програм суулгасан, улмаар стандартад нийцээгүй автомашинуудаа энэ програмын тусламжтай байгаль орчны шалгалтад тэнцүүлж, агаарын бохирдлын эсрэг хууль тогтоомжийг санаатай зөрчсөнд буруутгасан байна. Фольксваген компани удирдлагаа сольж, хууран мэхлэх програмын асуудлаар дотоод шалгалт явуулж байгаа.
Компанийн шинэ удирдлага Европын холбооныхоос өндөр стандарт бүхий АНУ-ын Байгаль орчны шалгалтыг автомашинууд нь давах боломжгүй байсан учраас тус компанийн ажилчид шалгалтад хууран мэхлэх програм ашиглах санаа сэдсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн юм. Фольксваген компани удахгүй ийм програм суулгасан олон сая автомашинаа олон улсын зах зээлээс эргүүлэн татаж эхэлнэ. Энэ ажилд тус компани 6.7 тэрбум евро зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.
Фольксвагений эсрэг шүүхэд зарга үүсгэжээ | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.