
Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын хэмжээнд зэвсгийн худалдаанд хяналт тавих системийг чангатгах зарлиг буулгажээ. Цагаан ордноос даваа гарагт мэдээлснээр галт зэвсэг ашигласан хүчирхийллийн түвшинг бууруулахад тустай гэж үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч 10 төрлийн арга хэмжээ нэвтрүүлэхээр зарлиг болгосон байна. Энд багтсан нэг гол арга хэмжээ нь галт зэвсэг худалдан борлуулагчаар бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой хүмүүсийн хүрээг мэдэгдэхүйц өргөжүүлж өгсөн явдал юм.
Мөн автомат буу худалдан авч байгаа хүмүүсийн хяналт шалгалтыг өргөжүүлж, алдаж гээгдсэн буу зэвсгийн тооллогыг илүү чангатгахаар болсон байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч энэ зарлигаараа зэвсгийн худалдааны дүрмийг өөрчлөхийг оролдож байна гэдэг мэдээлэл Бүгд найрамдах намын хууль тогтоогчид болоод энэ намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж эхэллээ. Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн дээрх алхамд баяр хүргээд, зэвсгийн худалдаанд хяналт тавих салбарт илүү шийдмэг алхмууд хийхийг уриалжээ. Буу зэвсгийн худалдан авалт, борлуулалтад хяналт тавих асуудал сүүлийн саруудад АНУ-д өргөн хэлцэгдэж байгаа.
Үүнд өнгөрөгч 2015 онд олон нийтийн газарт үйлдэгдсэн таван удаагийн зэвсэглэсэн халдлагын улмаас 40 хүн амь эрсдэж, 42 хүн шархадсан нь нөлөөлсөн юм. Үүний зэрэгцээ АНУ-д галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн халдлагын золиос болсон хүний тоо сүүлийн 20 жилд тал хувиар буурсан гэсэн статистик мэдээ мөн байгаа юм.
Обама зэвсгийн худалдаан дахь хяналтыг чангатгах зарлиг буулгав | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.