
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот агаарын бохирдолттой тэмцэхийн тулд автомашины хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт нэвтрүүллээ. Энэ журмын дагуу шинэ оны эхний өдрөөс эхлэн тус хотын есөн сая автомашин тэгш, сондгой дугаарынхаа дагуу ээлжээр өнжиж, хөдөлгөөнд оролцож байна.
Хоёр долоо хоногийн хугацаанд туршилтаар хэрэгжих тус журмыг зөрчсөн жолооч 30 америк долларын торгууль төлөх юм. Зөрчил гаргагчдыг илрүүлэхээр Шинэ Делид замын цагдаа нарын тоог нэмэгдүүлж, хотын олон хэсэгт нууц камер суурилуулжээ. Хотын эрх баригчид автомашин нь дугаарын хязгаарлалтад орсон иргэдэд үйлчлүүлэхээр нийтийн тээврийн автобусны тоог гурван мянгаар нэмэгдүүлсэн байна.
Хоёр жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон орны 1600-гаад хотын агаарын чанарт судалгаа явуулахад Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хамгийн бохир агаартай хотоор тодорч байсан юм. Тус хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээнээс үүдсэн өвчлөлөөр жил бүр олон мянган хүн хорвоог орхидог гэж эрдэмтэд тооцоолжээ. Шинэ Дели хотын агаарын бохирдлын 15-20 хувийг автомашины утаа бүрдүүлдэг юм байна.
Шинэ Делид автомашины дугаарын хязгаарлалт нэвтрүүлэв | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.