Шууд Chart

Франц улс энэ онд ажилгүйдлийг бууруулахад голлон анхаарна

2016-01-06 09:02:02

Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ онд баримтлах бодлого төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулжээ. Тэрээр ажлын байрны тоог нэмэгдүүлэх, терроризмтой тэмцэх болон дотоод аюулгүй байдлаа ханган бэхжүүлэхийг бодлогын гол зорилтоо болгоно гэж мэдэгдсэн байна. Франсуа Олландын хэлснээр 2016 онд Францын Засгийн газрын эн тэргүүний зорилт бол ажлын байрны тоог нэмэгдүүлэх явдал юм байна. 2015 онд Францын эдийн засаг 1.1 хувиар өссөн нь 2011 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа.

Гэхдээ эдийн засаг сайжирснаас үл хамааран тус улс дахь ажилгүй иргэдийн тоо буурах төлөвгүй байна гэж Ерөнхийлөгч Франсуа Олланд үзэж байна. Иймээс газрын тосны үнэ унасан, Францын төв банкны бодлогын хүү доогуур байгаа зэрэг таатай нөхцөлийг ашиглан энэ онд ажилгүйдлийг бууруулах эрчимтэй, үр дүнтэй арга алхам хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрээр цохон тэмдэглэжээ. Үүний тулд Францын Ерөнхийлөгч хөдөлмөрийн хуульдаа томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Мөн ажил идэвхтэй хайж байгаа 500 мянга гаруй иргэнээ мэргэжлийн сургалтад хамруулахаар болжээ. Тус улсад ажилгүйдэл 1997 оноос хойших дээд үзүүлэлт буюу 10.2-д хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна Олланд терроризмын асуудлаар авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөнийхөө талаар мөн ярилаа. Тэрээр сургууль, шашин мөргөлийн газар зэрэг хөл хөдөлгөөн ихтэй, террорист халдлага болох эрсдэлтэй газруудын харуул хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Францад гурван сарын хугацаатай зарласан онц байдлыг шаардлагатай гэж үзсэн нөхцөлд сунгана гэдгээ тэрээр мэдэгдлээ. Гэхдээ онц байдал тогтоох нь Францын аюулгүй байдлыг хамгаалах урт хугацааны шийдэл болж чадахгүй гэдгийг Франсуа Олланд мөн хүлээн зөвшөөрсөн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Франц улс энэ онд ажилгүйдлийг бууруулахад голлон анхаарна  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй