Шууд Chart

Обама галт зэвсгийн хяналтыг чангатгах зарлиг буулгахдаа нулимс унагажээ

2016-01-06 11:26:45

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жил болгон 30 мянга гаруй хүний амийг авч байгаа галт зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө өчигдөр танилцууллаа. Тэрээр 2012 онд Коннектикут муж улсын сургуульд буутай этгээд халдаж, 20 хүүхэд, 6 багшийн аминд хүрсэн явдлыг эргэн дурсаж, нулимс унагажээ. Тус халдлагаас хойш Ерөнхийлөгч Обама галт зэвсэг худалдаалах асуудлаарх Америкийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан ч Конгресс дахь Бүгд найрамдах намын олонх эсэргүүцсэн учраас энэ санал биеллээ олоогүй юм. Иймээс Обама хуулийн цоорхойг ашиглан, Конгрессийн дэмжлэггүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд галт зэвсгийн хяналтыг чангатгах боломжит арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Өчигдөр тэрээр галт зэвсгийн хяналтыг чангатгах зарлиг буулгахдаа Коннектикутын халдлагад амь үрэгдсэн хүүхдүүдийн ар гэрийг урьж байлцуулсан байна. Түүний буулгасан зарлигийн дагуу галт зэвсэг худалдах борлуулагчаар бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой хүмүүсийн хүрээг мэдэгдэхүйц өргөжүүлж байгаа юм. Ингэснээр нэг ширхэг буу зарж байгаа хүн байсан ч гэлээ зэвсэг борлуулагчид тооцогдохоор болжээ. Үүнээс гадна галт зэвсэг борлуулах зөвшөөрөл бүхий этгээд буу худалдаалахдаа худалдан авагч нь сэтгэл зүйн эмгэгтэй эсэх, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, үгүйг шалгах үүрэг хүлээж байна.

Мөн автомат буу худалдан авч байгаа хүмүүсийн хяналт шалгалтыг өргөжүүлж, алдаж гээгдсэн буу зэвсгийн тооллогыг илүү чангатгахаар заасан байна. АНУ-ын Конгрессийн хууль тогтоогчдыг зэвсэг наймаалагчдын лоббинд “хүлүүлсэн” гэж Ерөнхийлөгч Обама шүүмжилж байна. Нөгөөтэйгүүр Обамагийн шийдвэр Америкийн иргэн бүрт тус улсын Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон галт зэвсэг эзэмших эрхэд заналхийлж байна гэх хариу шүүмжлэл гарч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Обама галт зэвсгийн хяналтыг чангатгах зарлиг буулгахдаа нулимс унагажээ  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй