
Саудын Арабын араас Бахрейн, Судан, Кувейт улс Ирантай дипломат харилцаагаа тасласан энэ үеэр Ираны эрх баригчид нарийвчилсан тусгалтай Эмад пуужин хадгалах газар доорх шинэ байгууламжаа ашиглалтад оруулжээ. Иран улс энэ байгууламжид хадгалах Эмад пуужиндаа цөмийн цэнэгт хошуу суурилуулан туршиж, улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2010 оны тогтоолыг зөрчиж магадгүй гэж АНУ болгоомжилж байгаа юм.
Өчигдөр Ираны Тасним агентлагийн уламжилснаар тус улсын парламентын дарга Али Ларижани өөрийн биеэр хүрэлцэн очиж, газар доорх пуужин нөөцлөх шинэ байгууламжийг нээсэн байна. Энэ байгууламжид хадгалах Эмад пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай гэж АНУ үзэж байгаа юм. Иран дахин Эмад пуужин турших нөхцөлд АНУ тус пуужингийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг шинээр хориг арга хэмжээ тогтооно гэж анхааруулсан.
Иймээс Иранд пуужин хадгалах шинэ байгууламж нээсэн нь Америкийн зүгээс дахин шүүмжлэл дагуулж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Мөн Эмад пуужинг дахин туршвал Иран олон улсын 5+1 бүлэгтэй байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээний хэрэгжилтэд саад тотгор болж магадгүй гэж үзэх шинжээчид ч байгаа юм. Иран энэ гэрээний хүрээнд цөмийн хөтөлбөрийнхөө цар хүрээг хязгаарлаж, баяжуулсан ураны нөөцөө эрс бууруулах үүрэг хүлээсэн. Эдгээр үүргээ биелүүлж, олон улсын хориг арга хэмжээг зөөлрүүлэхээр Ираны эрх баригчид шуурхай ажиллаж байгаа ч, пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын сайддаа пуужингийн хөтөлбөрийнхөө цар хүрээг өргөжүүлэх үүрэг өгчээ.
Иранд пуужин хадгалах байгууламж шинээр нээв | ||
Үзсэн: 1882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.