Шууд Chart

БНХАУ, Их Британи визийн нөхцөлөө харилцан хөнгөвчиллөө

2016-01-06 13:02:53

Өчигдөр БНХАУ болон Их Британийн Гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзаж, аж үйлдвэр, эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал хэлэлцсэн байна. Энэ уулзалтын дүнд талууд визийн нөхцөл хөнгөвчлөх тохиролцоонд хүрлээ. Өмнө нь Их Британи Хятадын иргэдэд зургаан сар хүртэлх хугацаагаар виз олгодог байсныг хөнгөвчилж, цаашид хоёр хүртэлх жилийн хугацаанд хүчинтэй олон удаагийн виз олгохоор болжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд улам бүр олширч байгаа хятад жуулчдыг татах зорилготой гэж шинжээчид дүгнэж байна.

Өнгөрсөн оны эхний хагаст Их Британийг зорьсон хятад жуулчдын тоо 30-аад хувиар өссөн дүнтэй байгаа юм. Үүнээс гадна хоёр орны сайд нар ирэх намар Хятадад болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон оролцохыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр орны Ерөнхий сайд нар жил тутмын уламжлалт уулзалтаа энэ онд Хятадад зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү дээд түвшний яриа хэлэлцээг ашиглан Хятад, Их Британи хоёр улс олон салбарт түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хэрэгтэй гэж сайд нар үзэж байна. Энэ хүрээнд Хятадын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн Торгоны замыг 21 дүгээр зуунд сэргээн байгуулах санаачилга болон Их Британийн дэд бүтцээ шинэчлэх төлөвлөгөө зэрэг хоёр орны хөгжлийн бодлого зорилтыг уялдуулан ажиллах хэрэгтэй гэдэгт сайд нар санал нэгджээ.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, өндөр хурдны галт тэрэгний төмөр зам байгуулах чиглэлд Их Британитай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн 10 дугаар сард Хятадын дарга Си Зиньпин Их Британид айлчлах үеэрээ хоёр орны харилцааны “алтан үе” эхэлснийг зарласан. Түүний айлчлалын үеэр хоёр орон 40 тэрбум фунт стерлингийн өртөг бүхий гэрээ хэлэлцээр байгуулсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ, Их Британи визийн нөхцөлөө харилцан хөнгөвчиллөө   
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй