Шууд Chart

Автобусанд гал тавьсан байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ

2016-01-06 13:07:31

Өчигдөр Хятадын хойд нутагт нийтийн тээврийн автобусанд гал гарсан талаар бид мэдээлсэн. Ниншя Хотонгийн өөртөө засах районд болсон энэ хэрэг явдлын улмаас өчигдөр мэдээлж байснаас олон буюу 17 хүн амь үрэгдэж, 32 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Цагдаа нар хэргийн газарт нэн даруй очиж, галын учир шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн юм. Автобусанд санаатай гал тавьсан гэж дүгнэн, улмаар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны дүнд Ма Ёнпин гэх этгээдийг сэжигтнээр баривчилжээ. Түүнийг ямар зорилгоор, хэрхэн гал тавьсан талаар мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Автобусанд гэнэт гал дүрэлзсэн гэж гэрчүүд ярьсан ч энэ нь санаатай зохион байгуулсан хэрэг мөн эсэх нь тодорхойгүй байна гэж холбогдох албаныхан өмнө нь мэдээлж байсан юм.

Одоогоор амьд үлдсэн хүмүүсээс 8-ынх нь биеийн байдал хүнд байна. Хятадад сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой энэ мэт ноцтой хэрэг их гарах болсон. Үүнтэй холбогдуулж тус улсын эрх баригчид нийтийн тээврийн аюулгүй байдлыг хамгаалах нэмэлт арга алхам хэрэгжүүлнэ гэж амлаад байна.

2013 онд Хятадын өмнөд хэсэгт нэгэн эрэгтэй амиа хорлох зорилгоор нийтийн тээврийн автобусанд гал тавьж, өөрийгөө оролцуулан 47 хүний аминд хүрсэн тохиолдол гарсан. Мөн 2014 онд 33 настай эрэгтэй автобусанд гал тавьсан хэрэгт буруутай нь тогтоогдож, цаазаар авах ял сонсчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Автобусанд гал тавьсан байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй