
Өмнөд Солонгосын Засгийн газар саяхан Японтой дэлхийн хоёрдугаар дайны үед япон цэргүүдэд үйлчлэн бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлаар эцэслэсэн хэлэлцээрт хүрсэн. Үүний дараа ард иргэдийнхээ ширүүн шүүмжлэлд өртөөд байгаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам тус хэлэлцээрийг хаацайлсан мэдэгдэл хийжээ.
Хоёр орны харилцааг цааш хөгжүүлэхэд тулгарч байгаа хамгийн том сорилт гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе нар тодорхойлсон тус асуудлаар ийнхүү гэнэт хэлэлцээр байгуулж, хэлэлцээрт бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг Өмнөд Солонгос дахин сөхөхгүй байх, мөн хохирогч эмэгтэйчүүдийг төлөөлүүлж Японы Элчин сайдын яамны өмнө босгосон хөшөөг буулгах үүрэг хүлээсэн нь зарим иргэд, тэр дундаа одоо амьд мэнд байгаа хохирогч эмэгтэйчүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Харин Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам болохоор Японтой байгуулсан хэлэлцээртээ хохирогчдын ашиг сонирхлыг юун түрүүнд тусгасан гэж үзэж байна.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр өнгөрсөн гурван жилд холбогдох яамд хохирогчдоос ярилцлага авч, ямар хүсэл шаардлага тавьж байгааг нь нэг бүрчлэн тэмдэглэжээ. Эдгээрийг хэлэлцээрт тусган хохирогчдын эрх ашгийг бүрэн хамгаалсан агуулгатай хэлэлцээр байгуулсан гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам тайлбарлалаа. Тус улс цаашид хохирогчдод хэлэлцээрийн агуулгыг бүрэн таниулж, дэмжлэг авахаар ажиллана гэж мэдэгдсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд Япон нэг тэрбум иен буюу 8.3 сая америк долларын сан байгуулж, хохирогчдод нөхөн төлбөр олгохоор болсон юм. Сөүлийн талын мэдээгээр Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүдийг зугаацуулах үйлчилгээнд 200 мянга орчим солонгос эмэгтэй албан хүчээр дайчлагдсан байдгаас одоо ердөө 47 хохирогч амьд мэнд байгаа юм.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Японтой байгуулсан гэрээгээ өмгөөлөв | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.