Шууд Chart

"Шарли Эбдо"-д халдлага гарснаас хойш нэг жил өнгөрчээ

2016-01-06 16:44:55

Исламын шашинт хэт даврагчид Францын "Шарли Эбдо" сонины байранд халдлага үйлдсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Исламын шашин, зөнч Мухаммедыг элэглэсэн шог зургаараа алдартай тус сонинд ажиллаж байсан 11 сэтгүүлч, мөн сонины байрыг хамгаалж байсан нэг цагдаа халдлагын үеэр амь үрэгдсэн юм.

Дараагийн хоёр өдөр нь Парис хотод дахин хэд хэдэн зохион байгуулалттай халдлага гарч, хохирогчдын тоо дахин 5-аар нэмэгдсэн. Хохирогчдыг нэхэн дурсаж, "Шарли Эбдо" сонин тусгай дугаараа нийтлүүлсэн байна. “Алуурчин эрх чөлөөтэй л явна” гэх гарчиг бүхий материалтай тус сонины шинэ дугаар нөхцөл байдал нэг жилийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байгааг ёгтлон илэрхийлсэн гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хохирогчдын дурсгалд зориулсан самбар нээх ёслолд оролцсон байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Парист болсон террорист халдлагаас үүдэлтэйгээр Францын эрх баригчид терроризмын аюул заналд илүү нухацтай хандаж эхэлсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Тус улсад гурван сарын хугацаатай онц байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор 11 мянга гаруй цэрэг, 80 мянга гаруй цагдаа Францын өнцөг булан бүрт дайчлагдан ажиллаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Шарли Эбдо"-д халдлага гарснаас хойш нэг жил өнгөрчээ  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй