
Өчигдөр Умард Солонгос цөмийн бөмбөгөөс хэд дахин илүү хүчин чадалтай устөрөгчийн бөмбөг туршсан гэдгээ албан ёсоор баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан явдал нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд илэрхий заналхийлсэн үйлдэл гэж үзэн, тус улсын эрх баригчдыг Аюулгүйн зөвлөл эрс буруушаажээ. 2006 онд Умард анх удаа цөмийн бөмбөг туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг хориг тогтоосон юм. Үүний дараа 2009, 2013 онуудад Умард цөмийн туршилт дахин явуулж, тэр бүрт Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээгээ чангатгаж иржээ. Өчигдөр Умард Солонгост 5,1 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэний дараа олон улс тус улсыг цөмийн бөмбөг дахин туршлаа гэж хардаж эхэлсэн.
Улмаар Умардын эрх баригчид төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан дээрх таамгийг баталгаажуулаад байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл илүү өргөн хүрээг хамарсан шинэ хориг арга хэмжээ тогтоох талаар хэлэлцэж байгаа бол, АНУ-ын Конгресс ч дараа 7 хоногт багтаан Умардын эсрэг хоригоо чангатгана гэдгээ мэдэгдлээ. Умард Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэдгээ зарлахдаа тус бөмбөгийг жижигрүүлсэн хувилбараар бүтээж, пуужинд суурилуулах чадамжтай болсноо мөн мэдэгдсэн.
Хэрэв энэ үнэн бол Өмнөд Солонгос, Япон төдийгүй АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг болох юм. Гэхдээ АНУ-ын эрх баригчид, мөн олон улсын дийлэнх шинжээчид Умард Солонгос үнэхээр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэдэгт эргэлзэж байна. Тус улс ямар төрлийн бөмбөг туршсаныг нарийвчлан тогтооход дахин хэт хоногийн хугацаа шаардлагатай юм байна.
Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тогтооно | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.